Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Ё.Нямжавтай ярилцлаа.
-“Эмэгтэй гишүүдэд үг дайя” аяныг өчигдрөөс эхлүүлсэн гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?
-Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос явуулж байгаа ээлжит арга хэмжээ болгож өчигдрөөс эхлэн “Эмэгтэй гишүүдэд үг дайя” гэдэг стикер аялал зохион байгуулж байна.
11 эмэгтэй төрийн түшээгийнхээ зургийг хэвлүүлсэн. Харин энэхүү хэвлүүлсэн зургаа хүн ам олноор төвлөрсөн газраар авч явах юм. Түүнчлэн өнөөдөр эгэл жирийн ажлаа хийж, амь амьдралаа залгуулж яваа эмэгтэйчүүдийнхээ дунд ороод 11 гишүүнд дайж хэлэх үг юу байна.
Ямар асуудал хамгийн их тулгамдаж байна вэ гэдгийг стикер дээрээ бичих юм. Харин хэн гэдэг гишүүн таны өмнөөс энэ асуудлыг шийдэж өгч чадна гэж итгэж байгаагаа тэр хүнийхээ зурган дээр очиж наана.
Эмэгтэйчүүд маань энэхүү аянд идэвхтэй оролцож байна. Мөн манай улсад сүүлийн үед эмэгтэйчүүдийн асуудал чамгүй яригдаж байгаа.
Түүнчлэн гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийг хүртэл Засгийн газраас зарласан. Гэхдээ олон нийтийн дунд ороод тэднийг хамарсан санал асуулга явуулдаг зүйл дутагдаад байна уу гэж харж байгаа. Тиймээс бид эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх зорилготойгоор аянаа эхлүүлж байна.
-Аялал хэд хоног үргэлжлэх вэ. Ямар ямар газраар очиж эмэгтэйчүүдийн санаа бодлыг сонсох вэ?
-Олон нийт төвлөрсөн 10 цэгээр аялал маань явагдана. Тэднээс маш сонирхолтой дүр зураг гарах юм. Эндээс эмэгтэйчүүдийн бодитойгоор хүсч байгаа асуудлууд гарч ирнэ.
Түүнчлэн хэн гэж эмэгтэй гишүүн хүмүүсийн итгэлийг хүлээж, хариуцлагатай хэмээн үнэлэгдэж вэ гэдэг нь харагдах юм. Мөн НАМЗХ-нд ажиллаж байгаа залуу бүсгүйчүүдийн энэ оны эхний арга хэмжээ гэж хэлж болно. Цаашид эмэгтэйчүүд, бүсгүйчүүдтэйгээ холбоотой олон арга хэмжээг зохион байгуулна.
-“Нарантуул 1” худалдааны төв болон Улсын нэгдсэн төв эмнэлгээр аянаа эхлүүлсэн гэсэн. Эмэгтэйчүүдийн зүгээс ямар асуудлыг илүүтэй тавьж байна вэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр очсон. Дараа нь оюутнуудын саналыг авсан. Улмаар “Нарантуул 1” худалдааны төв дээр очиж, аянаа үргэлжлүүлсэн. УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Оюунхорол, Ц.Оюунгэрэл нар одоогийн байдлаар эмэгтэйчүүдээс олон санал авсан байна.
-Аянаас гарсан эмэгтэйчүүдийн саналыг яах вэ?
-Эмэгтэй гишүүдтэй холбож байгаагийн учир нь УИХ-д биднийг төлөөлж, хууль эрх зүйг санаачилж, баталдаг. Тиймээс энэхүү аянаас гарсан асуудлаа эмэгтэй гишүүддээ тавина.
Тэгэхээр бид эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг дамжуулж байгаа гүүр нь гэсэн үг. Эндээс эмэгтэй гишүүдийн овсгоо, самбаа, ажлын хариуцлага анзаарагдах байх.
Тиймээс энэхүү аяны үр дүнг үзэхийн тулд бид цаашаа явна. Түүнчлэн оны өмнө олон нийтийг цочроосон аймшигт хэргүүд гарсан. Эмэгтэй хүмүүс өрх гэртээ, улс эрх орондоо дийлэнх ачааг нь үүрч явдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрнө.
Тэгсэн хэрнээ олныг цочроосон хэрэг гарахаар л эмэгтэйчүүдийн асуудлыг хөнддөг шүү дээ. Ийм байж болохгүй юм. Тиймээс эмэгтэй хүний асуудал бол улс орны асуудал. Тэгэхээр юу тулгамдаж байна, юуг хүсч байна гэдгийг дунд нь орж байж мэднэ.
Албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв.