“Өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа” гэх соёлтой юм шиг хэрнээ хар дагуулсан нэг үйлдэл өчигдөр л гэхэд хоёронтоо сонсогдов.
Эхнийх нь “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийн хүү буюу “Эрдэнэс МГЛ”-ын дэд захирал, “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн. Харин дараагийнх нь Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай юм. Х.Алтайгийн хувьд ОХУ-д элчин сайдаар ажиллаж байсан Хангайгийн хүү.
Тэдний ийнхүү өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөх болсныг янз бүрээр тайлбарлаж, таамаглаж байгаа ч эх сурвалжуудын ярьж буйгаар МАН-ын залуу лидерүүдэд АН-ын зүгээс шахалт үзүүлсэн тул ийнхүү ажлаа өгөх болсон гэнэ.
Итгэлт баян лугаа адил ямар ч төрд нүүртэй гэлцдэг баячуудын хүүхдүүд ер нь яагаад төрд ажиллахаас татгалзах гэж.
Тэднийг хэдийгээр өөрсдийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж байгаа боловч шахаанд орсон гэх хувилбар арай оновчтой байгаа бололтой. Г.Тэмүүлэнгийн хувьд одоогоор ямар шалтгаанаар ажлаа өгсөн талаараа ам ангайгаагүй бол Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Хийх ёстой ажлаа хийсэн, болсон“ гэж тайлбарлаад байгаа юм. Гэхдээ Х.Алтайд хүмүүс “Хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлын эхлэлийг тавьсан” хэмээн ам сайтай байдаг аж.