Эрчүүд болон эмэгтэйчүүд эсрэг хүйсний хүнийхээ гаднах үзэмж, төрхийг огт өөр үзүүлэлтүүдээр дүгнэдэг гэдгийг сэтгэл судлаачид баталжээ. Эм хүн эр хүний царай зүс, бие хааг үнэлэхдээ их өгөөмөр загнадаг байна. Өөрийн амрагаас ямар нэг сэтгүүл, киноны баатар шиг төгс төгөлдөр байхыг хэзээ ч шаарддаггүй. Ер нь төгс эр хүн гэсэн ойлголт байдаггүйг сэтгэл зүйчдийн явуулсан асуулга нотолжээ. Бүсгүй хүн бүр ханийнхаа амраг эрийнхээ бие бялдарын санаанд оромгүй хэсгүүдийг хамгийн дур булаам гэж нэрлэсэн байв. “Миний нөхрийн бүх бие маш зөөлхөн учраас надад их таалагддаг. Би түүний биед наалдаад унтах дуртай”, “Хайртай залуугийн маань цээжний үс их гоё, би хамраа наагаад үнэрлэх дуртай. Биеийн бусад хэсгүүд ямар байх нь огт хамаагүй”, “Миний хувьд эр хүний өндөр нам, жин огт хамаагүй. Өргөн мөртэй л бол болоо, би мөрийг нь түшээд суухдаа сэтгэл уярч хайлах шахдаг. Ийм учраас би эрчүүдийн хүзүү, чихийг их хардаг байх”, “Би нөхрийнхөө нүүр биеийг ийм тийм гэж огт үнэлдэггүй, хамгийн анх тэр маань миний бүсэлхийгээр тэврэх үед би алганы халууныг мэдэрсэн. Одоо хүртэл зөвхөн энэ л надад таалагдсаар байдаг”, “Би эр хүнтэй анх танилцахдаа хамгийн түрүүнд нүдийг нь тогтоож авдаг. Хүний мөн чанар нь нүдээр л илэрдэг. Хэрэв эр хүний нүд таалагдахгүй бол тэр Аполлон шиг сайхан эр байсан ч би цаашид харьцдаггүй”. Түүнээс гадна бүсгүйчүүлийн бодлоор эр хүний эрүүний хонхорхой, өтгөн үс, буржгар үс, өргөн шанаа, хөхний жижиг товч зэрэг олон зүйл тэдний сэтгэлийг татдаг ажээ.
Гэтэл эрчүүдийн дунд явуулсан судалгаагаар 10 гаран жил хамт амьдрасан хэрнээ эхнэрийнхээ нүдний өнгийг хэлж чадахгүй нөхрүүд зөндөө байлаа. Асуулгад оролцсон олон хүүхэн эрчүүдийн бие бялдрын хөгжилд онц анхаарал тавьдаггүй нь ажиглагджээ. Эрэгтэй кино жүжигчдээс хэнийг нүцгэн байгааг хармаар байна гэж эмэгтэйчүүдээс асуухад тэн хагас нь Кевин Костнер ба Харрисон Фордыг нэрлэжээ. Гэтэл Шварценггер ба Сталлоне нар хоёулаа нийлээд ч 1/4 –ийн саналыг авч чадаагүй. Эмэгтэйчүүдээр хүний гадна төрхөд хайхрамжгүй хандаг. Жишээ гэвэл дэлхийн алдартай сайхан хүүхнүүд бусдаас ялгарах юмгүй эрчүүдтэй суусныг дурьдахад хангалттай. Софи Лорен, Грейс Келли, Жаклин Кеннеди нар Карло Понти, Монакскийн гүн, Аристотель Онассистай суусан билээ. Голливудын од Ширли Маклейн “Миний хувьд эр хүний нүүр болон биеийн өө согог онц үүрэггүй” гэж хэлсэн бол өөр нэг од Джоан Коллинз хөгшин Шон О’Коннорийг хамгийн сайхан эр гэж мэдэгджээ.
Гэтэл сайхан, царайлаг эр хэзээ ч царай муутай бүсгүйтэй суудаггүй, Тийм жишээг хайгаад ч нэмэргүй. Эрчүүдэд зөвхөн төгс гоо үзэсгэлэн л хэрэгтэй. Гэхдээ үүний нь төлөө эрчүүдийг шүүмжлэх гэж бүү яар. Хүн судлаач эрдэмтдийн бодлоор эм хүний гадна төрхөд хандах хандлага нь эрчүүдийн хүсэл зоригоос хамааралгүйгээр олон мянган жилийн турш бүрэлдэн тогтсон гэнэ. Хүй нэгдлийн үеийн эр хүнд үр удмаа үлдээхийн тулд эм хүн хэрэгтэй байсан, тэгэхээр том хөхтэй, өргөн ташаатай, бөх шүдтэй, ер нь л эрүүл саруул эмэгтэй хүн эрүүл хүүхэд төрүүлэх нь мэдээж. Шинжлэх ухаан хөгжиж олон юм өөрчлөгдсөн ч сая сая жилийн өмнөх тэр л үзүүлэлтээр эр хүн одоо ч эхнэрээ сонгож байна.
Харин эм хүний хувьд итгэж найдаж болох “бат хэрэм” шиг эр хэрэгтэй байдаг. Иймээс эр хүний өргөн мөр, шулуун харцаар л тэднийг үнэлдэг болохоос дэлдэн чих, майга хөлийг огт анзаардаггүй. Түүнээс гадна сэтгэл зүйчдийн бодлоор хүүхэд насандаа эцгээ шүтэн биширч байсан охид насанд хүрээд эцэгтэйгээ адил хүнд дурладаг гэнэ. Энэ тохиолдолд тухайн бүсгүйн сонголт орчны хүмүүсийн гайхашралыг төрүүлдэг, мөн заримдаа өөрөө ч тайлбарлаж чаддаггүй. Эр хүн бие галбир харж амрагаа сонгодог шалтгааныг сэтгэл зүйчид эр хүний дур хүсэл харцаар дамжин өдөөгддөгтэй холбон тайлбарладаг.
Иймээс эрчүүд эмэгтэй хүний гадна үзэмж харж дурладаггүй чанарын өмнө толгой мэхийн ёслох ёстой.
Хэрэв таны амраг таныг богино хөлтэй, эсвэл жижиг хөхтэй гэх зэргээр өөлдөг бол түүнийг зүгээр л явуулж орхи, аягүй бол тэр өөрөө богино хөлтэй, хавчгар цээжтэй байх. Та болон таны бие бялдар өөлөх юмгүй санагдах тийм л эртэй та хэзээ нэгэн цагт учрах л болно.