Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг өөрсдийн харьяалалдаа авахаар ЦЕГ, АТГ гэх хоёр хүчний байгууллагын далд тэмцэл хүчээ авч байгаа ажээ. Уг нь 2000 онд дээрх газрыг хаанахын статуст хамааруулах тухай бөөн хэл ам болсны эцэст УЕПГ-т харьяалуулж байсан түүхтэй.
Гэтэл одоо дээрх асуудал дахин хүчтэй дэгдсэн нь ямар ашиг сонирхлын үүднээс ийнхүү өөр хоорондоо булаалдах болов оо гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг аль хэдийнэ АТГ-ын харьяанд шилжүүлэхээр болсон тухай яригдаж эхлээд байгаа юм.
Учир нь АТГ-аас дээрх албыг удирдаад явах бүрэн боломжтой гэдгээ дээр дооргүй илэрхийлээд эхэлжээ. Тэгвэл цагдаагийн байгууллага ч мөн адил уг албыг өөрсдийн харьяанд байх боломжтой гэж үзэн тийм ч амар бууж өгөх бодолгүй байгаа аж. Гэхдээ цагдаагийн байгууллага дээрх албатай нэгдэхэд маш том хаалт болохоор нэг зүйл бий. Энэ нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь цагдаа нарын хэргийг шалгадаг учраас тэдэнд нэгдэх боломж тун бага гэсэн үг.
Мэдээж энэ бүхнийг алсаас ажиглан харж өөрсдийн санаа бодлоо илэрхийлж буй зарим нэг албаны хүмүүс ч АТГ, цагдаа хоёрын хэн нь ч шалгах боломжгүй хэргүүд байдаг шүү дээ гэцгээж байгаа юм.
Дээрх албанд эзэн суусан нь шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийг шалгах эрх мэдэлтэй болох учир тэд өөр хоорондоо ийнхүү ширүүхэн үзэлцэж байгаа бололтой.
Ямартай ч Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг авах гэж булаацалдаж эхэллээ. Цагдаагийн байгууллага дэргэдээ авна гэхээр нөгөө талд АТГ булаацалдаад байна. Хамгийн гол нь аль аль нь хуулийн төсөл боловсруулчихсан байгаа” гэжээ.
Харин албаны зарим эх сурвалжууд ийнхүү хэлж байсан юм. “Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны шалгадаг хэргийн ердөө 6-8 хувь нь АТГ-руу шилжих боломжтой. Цаана нь байгаа байнга үйлдэгддэг 90 орчим хэргийг өөр ямар нэгэн алба шалгах ямар ч боломжгүй.
Тухайлбал, цагдаагийн байгууллагаар цагдаагийн алба хаагчийн хууль бус үйл ажиллагааг шалгуулах нэн төвөгтэй. Өөрөөр хэлбэл сонирхлын зөрчлийг илэрхийлэхийн тулд АТГ-ын мөрдөн байцаах алба прокурор, шүүгчийн үйлдсэн авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад Прокурорын байгууллагын зүгээс татгалзаад байх зүйл байхгүй. Гагцхүү Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, бусад хууль сахиулах албаны ажилтнууд өөрсдөө авлигын хэрэг үйлдвэл хэн шалгах вэ гэдэг асуудал тулгарч байгаа. Хэрвээ энэ асуудлыг зөв зохицуулаад АТГ-ын дэргэдэх мөрдөн шалгах албаны болон бусад албан тушаалтны авлигын хэргийг зохих байгууллагад нь харьяалуулан шилжүүлвэл илүү ухаалаг шийд болно” гэсэн юм.
Энэ бүхнээс харахад Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны ажилтнууд өөрсдөө авлигын хэрэг үйлдвэл хэн шалгах вэ гэдэг нь бас л бодох л зүйлийн нэг.
Тэгвэл АТГ тус албыг өөрсдийн харьяалалд авснаар ямар ч асуудал гарахгүй, тэгээд ч эл албыг удирдаад аваад явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл АТГ мөрдөн байцаах газрыг өөрсдөдөө нэгтгэвэл тэдний хүчин чадал нь нэмэгдэнэ гэсэн үг. 2000 онд давтагдаж байсан дуулиан шуугиан бас л дахин босч ирэх бололтой.
Р.Саруул