Австри Улсын компани Баянгол дүүргийн 113-р сургуулийн хажууд гүүрэн гарц барих хүсэлт тавьжээ

p18f1lg0it57jsg5u0r7ci1ikg2Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Австри Улсын  “Waagner biro” компанийн Индонези Улс дахь салбарын Ерөнхий захирал Даниел Бенесийг хүлээн авч уулзлаа. “Waagner biro” компани нь барилга, зам, гүүрийн томоохон бүтээн байгуулалт, төслийг хэрэгжүүлдэг, олон жилийн туршлагатай компани бөгөөд Монгол Улсад “Жэй Кэй Си” ХХК-тай хамтран ажилладаг байна.
Уулзалтын үеэр “Waagner biro” компанийн Индонези Улс дахь салбарын Ерөнхий захирал Даниел Бенес “Манай компани цаашид Улаанбаатар хотын захиргаатай авто замын салбарт хамтран ажиллаж хүсэлтэй байгаа. Эхний ээлжинд өөрсдийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 113-р сургуулийн ойролцоо явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөж, зураг төслөө бэлэн болгосон” гэдгийг онцлон хэлсэн юм.
Баянгол дүүргийн 113-р сургуулийн хүүхдүүд хичээлдээ явахын тулд жалгаас уруудаж зам гардаг. Тиймээс сургуулийн сурагч, багш нар, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд тухайн хэсэгт гүүрэн гарц хийх шаардлагатай байгаа юм. “Waagner biro” компани нь энэ гүүрэн гарцыг барихад 500 сая орчим төгрөг зарцуулах бөгөөд Хотын захиргаанаас дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Юуны өмнө манай хоттой хамтран ажиллахаар зорин ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Бид өнгөрсөн жил авто замын салбарт шинэчлэл хийж багагүй ажлыг хийж хэрэгжүүлсэн. Цаашид ч хурдны зам тавих, түүнийгээ дагаад томоохон гүүр барих ажилд ханцуй шамлан ороод байна. Эдгээр ажлуудыг хийхийн тулд туршлагатай томоохон компани, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах зорилготой байгаа тул та бүхнийг дэмжин ажиллахад таатай байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэг гүүрэн гарц бариад байгаа бол цаашид 37 гүүрэн гарц барих шаардлагатай байгаагаас энэ онд гурван гүүрэн гарц барихаар төлөвлөсөн гэдгийг Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлж байсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …