Судлаачдын үзэж байгаагаар эмэгтэйчүүд фитнес клубт хүчний дасгалаар хичээллэх нь чихрийн шижин тусах аюулыг багасгадаг байна. Найман жилийн хугацаанд ойролцоогоор 100 мянга гаруй АНУ-ын иргэд болон эмнэлгийн сувилагч нараас судалгаа авсаны үр дүнд энэ дүгнэлтийг гаргажээ. Хүндийн өргөлтийн туухайг өргөх, гар дээр суниах гэх мэт дасгалуудыг хийснээр булчинг идэвхтэй ажиллуулж, чихрийн шижин буюу диабет тусах магадлал багасдаг нь үүнтэй шууд холбоотой гэдгийг PloS Medicine сайт мэдээлж байна. Насанд хүрсэн хүн дор хаяж долоо хоногт хоёр удаа дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.
Долоо хоногт насанд хүрсэн хүмүүс 150 минут хүчний дасгал хийх нь зүрх судсанд аэробикийн ямар ч дасгал хийснээс илүү ашиг тустай байгаа нь судалгаанаас харагджээ. Наад зах нь 150 минут аэробикийн дасгал, мөн булчин бэхжүүлэх дасгал буюу хүчний дасгал хийсэн эмэгтэйчүүд идэвхгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрсдлийг хамгийн их бууруулсан байна. Тэдний гуравны нэг нь чихрийн шижингийн 2-р хэлбэрээр өвдөх магадлалыг бууруулж чаджээ. Чихрийн шижингийн 2-р хэлбэрийг гүйх, алхах, сэлэх, аэробик дасгал хийснээр багасгана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн бэлтгэл хийх төлөвлөгөөндөө хүчний дасгалыг оруулж өгөх нь илүү ач тустай гэв. Учир нь илүү их булчингийн масстай байснаар чихрийн шижингийн эсрэг сайн нөлөөтэй гэж үзжээ. 2-р хэлбэрийн чихрийн шижин нь инсулин хүний биеэс ялгарч чадахгүй болох эсвэл инсулин ялгарсан ч үйл явц нь зөв ажиллахгүй байхаас шалтгаалдаг.
Инсулин:
• Нүүрс устай хүнс хэрэглэснээр тэр нь шингэж глюкоз /сахар/ болж задардаг
• Глюкоз нь цусанд орно
• Нойр булчирхай нь инсулин ялгаруулах дохио өгнө
• Инсулин нь биен дэх сахарыг энерги болгон ашиглах болон ашигтай нөөц болгон хадгалдаг
• 2-р хэлбэрийн чихрийн шижинд энэ систем нь доголддог
• Хүний бие нэг бол инсулинд хариу үйлдэл өгөхөө больдог, эсвэл огт ялгаруулахаа больдог
• Ингэснээр цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг
Инсулин нь биен дэх сахарыг энерги болгож булчин ба элгэнд илүүдлийг нөөцөлдөг. Бидний генетик болон амьдралын хэв маягийн нөлөөнөөс 2-р хэлбэрийн чихрийн шижин тусах магадлал хамаардаг. Илүүдэл жинтэй байх нь тухайн хүнийг илүү эрсдэлд оруулдаг байна. Хэрвээ та илүүдэл жинтэй бол нэг кг хасах тутамд энэ өвчнөөр өвчлөх магадлал 15% аар буурдаг гэж Их Британийн Чихрийн Шижингийн холбооноос мэдээлж байна. Хэвлэлийн төлөөлөгч Доктор Ричард Эллиот хэлэхдээ: Энэ судалгаа нь ерөнхийдөө эмэгтэйчүүдэд илүү хандсан хязгаарлалттай байгаа хэдий ч, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг нь 2-р хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулах тэргүүлэх хүчин зүйл юм гэжээ.
Одоо бүгдээрээ эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, жингээ хэвийн хэмжээнд барих нь 2-р хэлбэрийн чихрийн шижин тусахаас хамгаалах гол арга гэдгийг мэддэг боллоо. Тиймээс илүү олон хүн жингээ хурдан хасах болон идэвхтай амьдрах арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Ийм учраас та бүхнийг биеийн тамир спортын төрлөөс өөрийн сонирхдог спортыг сонгож тууштай, эрч хүчтэй эрүүл амьдрахыг уриалж байна.
Орчуулсан Б.Хасар idoctor.mn