Монгол Улсын хэмжээнд 2013 онд 63.1 сая литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 18.6 хувиар өссөн үзүүлэлт гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн. Монгол Улс жилд 623 сая литр сүү боловсруулах нөөцтэй хэдий ч тус салбарын менежмент хангалттай түвшинд хүрэхгүй байгааг түүхий эд бэлтгэгчид хэлж байна. Тухайлбал “Хаан сүү” компанийн захирал Г.Ариунбилэг Блумбергт өгсөн ярилцлагадаа “Чингис бондын хөрөнгөөс 27.7 сая ам.доллараар сүүний аж ахуйг дэмжих төсөл хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энэ нь тус салбарын хувьд хангалттай хөрөнгө оруулалт биш юм. Сүү бэлтгэлийн тогтолцоонд Засгийн газраас дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Сүүний чиглэлийн фермерийг цаашид хөгжүүлэхгүй бол хомсдолд орох магадлалтай” хэмээн ярьсан. Улсын хэмжээнд сүүний жилийн хэрэгцээ 445 сая литр бөгөөд хэрэгцээгээ нөхөхийн тулд хуурай сүүг импортоор авч буй юм. 2012 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 36.8 сая литртэй тэнцэх хуурай сүүг импортоор авчээ. Түүнчлэн улсын хэмжээнд 100 орчим сүү, сүүн бүтээгдэхүүний хувийн үйлдвэр, цех ажиллаж байна. Харин сүүний агуулах, савны тоог нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хоногт таван тонн сүү хөргөх, хадгалах зориулалттай 50 хөргөлтийн төв байгуулах ажлыг эхлүүлсэн талаар салбарын яамнаас мэдээлсэн. Үүнээс гадна “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл” төсөлд Чингис бондын хөрөнгөөс 27.7 сая ам.долларыг төсөвлөснөөс одоогийн байдлаар 11 аж ахуй нэгжид 12 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
