Цагаан сар
Цагаан сар нь тухайн оны билгийн тооллын шинийн нэгэн, тухайн жилийн анхны гараа тул их чухал өдөр хэмээн тооцдог. Тиймээс энэ өдөр билэгдлийг бодож, элдэв муу үйлдэл гаргахаас болгоомжилж, ахан дүүс төрөл төрөгсөдөөрөө цугларч, янз бүрийн тоглоом наадгайгаар наадацгаадаг.
Цагаан сарын өглөө эртлэн босоцгоож, хоол унд бэлтгэн, өргөл тахилга үйлдэх ба үүнийг Жончучаре гэдэг. Энэ ёслол дууссаны дараа гэрт байгаа ахмад хүмүүст насны эрэмбээр мөргөж, золгодог аж. Золголт дууссаны дараа мөргөл үйлдэхдээ хэрэглэсэн догны шөлийг идэцгээж, төрөл төрөгсөдийндөө очин золголт хийнэ. Золголт хийж байгаа айлаас ахмадуудад архи идээ будаа бэлтгэн, хүүхдүүдэд чихэр боорцог, мөнгө бэлэглэдэг. Тиймээс хүүхдүүд энэ өдрийг тэсч ядан хүлээдэг байна. Цагаан сараар дүүжин даажин, юүннури, цаасан шувуу хийсгэх зэрэг тоглоом наадгайгаар наадах ба дүүжин даажин нь голдуу эмэгтэйчүүдийн тоглодог тоглоом гэнэ.
Ургацын баяр
Билгийн тооллын наймдугаар сарын 15, сар хамгийн саруулхан өдөр. Энэ өдөр шинэхэн хурааж авсан үр тариагаараа сунпён чимхэж, шөл буцалгаж уун, илжгэн чих, туулайн бөөр, чавга зэрэг шинэхэн жимсээр идээ засаж бэлтгэн өвөг дээдэстээ мөргөл тахилга үйлддэг байна. Харин мөргөл үйлдсэний дараа өвөг дээдсийнхээ шарилыг очиж эргэдэг аж. Сарны гэрэлд баяр тэмдэглэн, идэж ууж, бүжиглэж, дуулж наргин олс татах, канкансүволле дуулж бүжиглэн, бөх барилдах зэргээр наадацгаадаг гэнэ.
Хамгийн урт шөнө- дунжи
Жилийн хамгийн урт шөнө болдог өдрийг дунжи гэх ба голдуу билгийн тооллын арваннэгдүгээр сарын эхээр болдог байна. Түүнчлэн сарын эхээр таарвал эрт дунжи, сарын дундуур таарвал дунд дунжи, сарын сүүлээр таарвал оройтсон дунжи гэх мэтээр нэрлэдэг аж. Арваннэгдүгээр сарын 29-ний үеэр болох дунжи нь жилийн хамгийн урт шөнө богино өдөр. Энэ өдөр айл болгон улаан буурцагны зутан хийж өвөг дээдэстээ барин, хана хаалга руугаа цацдаг гэнэ. Ингэвэл муу муухай зайлдаг гэж итгэдэг ба улаан буурцагны зутан нь ийнхүү хоол төдийгүй шүтлэг бишрэлийн утгыг ч илтгэж байна. Улаан буурцагны зутанд будааг нунтаглан зуурсан үрэл хийж буцалган, насныхаа тоогоор иддэг байна.