
Хилчин хотхон орчмын газар нь нийслэлээс газар шинэчлэн зохион байгуулж буй анхны байршил бөгөөд тус нутаг дэвгэрт амьдарч буй 168 өрхийн 672 иргэн 100 хувийн саналаар дахин төлөвлөлтийн төслийг дэмжиж байгааг албаныхан онцолж байна. Төлөвлөлтөөр нэг маягийн амины орон сууцны хорооллыг түшиглэн газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр тохилог амины орон сууц бий болгож, хороолол дунд 6м өргөнтэй гол зам, 3,5м өргөнтэй туслах зам, ногоон байгууламж, таксины зогсоол, 5м өндөртэй нарны эрчим хүч ашигладаг гудамжны гэрэлтүүлэг зэргийг цогцоор шийдэх юм. Харин инженерийн дэд бүтцийн хувьд цэвэр бохир усыг төвийн шугамнаас холбох бөгөөд дулааныг шийдэхдээ нүүрсийг шингэрүүлсэн хий болгож хийн зуухны үйлдвэрээр хангахаар төлөвлөжээ. Энэ нь өдөрт 2500м3 хий гаргах хүчин чадалтай юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.