Хямд орон сууцыг хэнд зориулав?

Сар шинийн дараахан орон сууцны салбарт нэгэн “тэсрэлт” болсон нь зах зээлийн үнээс хамаагүй хямдхан мөртлөө хамгийн чанартай сайн технологиор баригдсан орон сууцны хороолол ашиглалтад орсон явдал.  Нэг өө нь хотоос зайдуу. Гэхдээ утаа униар багатай гээд сайн талыг нь дурдаж бас болох юм. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны захиалгаар  Нисэхийн дэнжид 1764 айлын орон сууц барьж байгаа бөгөөд эхний 567 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багцлан хүргэж байна.

Зорилтот төвшнийхөнд зориулав

“Буянт Ухаа 1” хорооллын  1764 орон сууцны 567 нь ашиглалтад хэдийнэ орж, эзнээ хүлээж байна.  “Буянт Ухаа 1” хороолол нь бага дунд орлоготой иргэд болон төрийн албан хаагчид, залуу гэр бүлүүдэд зориулсан гэдгийг албаны хүмүүс онцолж байна.  Тус орон сууцны барилга нь бүрэн цутгамал бөгөөд нэг өрөө байр нь 33.47, 39.47, 42.32 ам метр, хоёр өрөө байр нь 33, 49.72, 51.78 ам метр, гурван өрөө байр нь 66.88 ам метр хэмжээтэй юм. Өөрөөр хэлбэл 1-2 өрөө байр сонголттой гэсэн үг. Эхний ашиглалтад орсон 567 айлын орон сууцны захиалгыг хоёрдугаар сарын 15-наас авч эхэлнэ. Тус орон сууцны нэг ам метрийн үнэ нь нэг сая 280 мянга.

Авсан байраа 15 жил зарахгүй

Дээрх байрыг авсан хүмүүст нэгэн болзол тавьж байгаа нь 15 жилийн турш худалдан  борлуулахгүй, солихгүй байх. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн ченжүүдийн гарт оруулахгүйн тулд тавьж буй шаардлага ажээ. Мөн анх удаа байр авч байгаа хүмүүс дээрх орон сууцанд орох боломжтой. Учир нь зорилтот төвшнийхөнд зориулж байгаа, үнэ ханш нь хамаагүй хямдхан учраас буруу замын хүмүүсийн гарт орж,  жинхэнэ эзэддээ хүрэхгүй өнгөрөх вий гэсэн болгоомжлол юм байна.  Тийм ч учраас Үл хөдлөх  хөрөнгийн газраас “Анх удаа байр авч байгаа” гэсэн тодорхойлолт шаардаж буй гэнэ. Мөн урьдчилгаа 30 хувиа тушаасан байх шаардлагатай юм.

Үлдсэн 1197 айлын орон сууц тавдугаар
сард ашиглалтад орно

“Буянт-Ухаа 1” цогцолборыг  Үндэсний бүтээн байгуулалтын корпораци болон “Хасу Мандал трейд” компани хамтран барьж байгаа ажээ. Тодруулбал, 1575 байрыг нь  Үндэсний бүтээн байгуулалтын корпориаци, 189-ыг нь “Хасу Мандал трейд” барьж байгаа юм байна. Үлдсэн 1197 айлын орон сууцыг ирэх тавдугаар сарын 23-ны өдөр ашиглалтад оруулахаар барилгын ажил эрхэлж байгаа компаниуд амлалаа.  Чингэхдээ орчны тохижилт, ногоон байгууламжийн хамт хүлээлгэн өгөх юм байна.  Мөн автомашины зогсоол, хүүхдийн цэцэрлэгийг ч барьж байгуулна.  Дээрх бүтээн байгуулалтад нийтдээ 93.7 тэрбум төгрөг шаардаж байгаа бөгөөд одоогоор 72.7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ.

Орон сууцны үнэд нөлөөлөх үү?

“Буян-Ухаа 1” цогцолборын орон сууцны нэг метр квадратын үнэ зах зээлээс 400 мянгаас нэг сая 300 мянган төгрөгөөр хямдхан байгаа. Тэгвэл дээрх цогцолбор бүрэн бүтнээрээ ашиглалтад орсноор орон сууцны зах зээлийг үнийг хямдруулахад эерэгээр нөлөөлнө гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.  Өнөөдрийн байдлаар хамгийн хямдхан орон сууцны нэг ам метрийн үнэ нэг сая 600 төгрөг байгаа юм.  Харин сүүлийн саруудад Хан-уул дүүрэгт зарагдаж байгаа шинэ орон сууны үнэ бага зэрэг буурсан гэх тайлбарыг Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн хэлсэн.

Малчид орон сууцны зээлд хамрагдана

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт оруулаад удаагүй байна. Өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь малчдыг орон сууцны зээлд хамруулах.  Гэхдээ орон нутагтаа баригдсан, журамд заасан шаардлага хангасан орон сууцнаас худалдаж авах боломжтой ажээ. Уг тушаалд “Малчин өрхийн жилийн тогтмол бус орлогыг банк, хадгаламж хэлбэрээр байршуулж, энэхүү хадгаламжаас орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг сар бүр төлүүлнэ. Энэ тохиолдолд банк малчин өрхийн байршуулсан хадгаламжид зах зээлийн нөхцлөөр хүү төлнө. Малчин өрхийн улирлын чанартай орлоготой уялдуулан ипотекийн зээлийн төлбөрийг жилд хоёр удаа тооцож төлүүлж болно” гэж заасан байна. Уг тушаалын дагуу нэгдүгээр сарын 1-нээс эхлэн орон нутагтаа баригдсан орон сууцнаас зээлээр байр худалдан авах боломж малчдад нээлттэй болж буй юм.

Ж.ЭРХЭС

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №048

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …