Шинэчлэлийн Засгийн газраас зөвшөөрөл, лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт, тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулагдсан уг ажлын хэсэг нь өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш 54 байгууллагын олгож буй нийт 914 зөвшөөрлийг хэлэлцэв. Тэгээд эдгээрээс 404-ийг нь хүчингүй болгох, 447-г хэвээр үлдээх саналтай байгаа бөгөөд шийдвэрлэхэд хүндрэлтэй 63 зөвшөөрлийг дээд шатны буюу Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгээр хэлэлцүүлэх юм байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дараагийн хуралдаан 2014 оны 2 дугаар сарын 25-нд төрийн ордны “А” танхимд болох аж. Өнөөдөр зөвхөн барилгын салбарт л гэхэд 99 тусгай зөвшөөрөл олгож байгаа гэнэ. Үүний 71-ыг нь хүчингүй болгож 24-ийг хэвээр үлдээх санал гарсан байна.
Гэхдээ барилгын бизнес эрхлэгчид 10-16 давхар барилгыг барихад тусгай зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэйг анхаарууллаа. Харин УИХ-ын гишүүн Д.Зоригт “Тусгай зөвшөөрөл хүнд суртал дагуулж, зарим төрийн байгууллагын санхүүжилтын хэрэгсэл болсон. Зарим тусгай зөвшөөрлөөр шийддэг асуудлыг Эрүүгийн болон бусад хуулиар хариуцлагажуулж, бүртгэн хянах боломжтой” гэж үзэж байна. Эдгээр хэлэлцүүлгийн эцэст юутай ч тусгай зөвшөөрлүүдийн тоо огцом буурах ажээ.
Д.Үүлэн
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл