Дэлхийд шившгээ тарьсан гэгдэж буй Францын “Арева” компанийг Монгол Улсын Засгийн газар ихээхэн дэмжиж буйд дорноговьчууд дургуйцлээ илэрхийлж эхлээд байна.
Учир нь тус компани манай улсад цөмийн хаягдал булшлах болон уран олборлолт хийх болсонтой холбоотой юм. Гэтэл манай улсын эрх мэдэлтнүүд энэ талаар мэдэж байгаа хэрнээ мэдээгүй дүр эсгэн дэлхийд хамгийн хортой, зарим улс оронд эрс хориглосон хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахаж, шар нунтаг уран олборлох аргыг дэмжээд байгаа нь ямар учир шалтгаантай юм бол гэж малчид хүртэл асууж байгаа нь монгол хүн бүрийн сэтгэлийг өөрийн эрхгүй айдаст автуулж байна.
Ураны нэг уурхай жилд нэг сая хүртэл литр гүний цэнгэг усыг үхүүлдэг. Тэгвэл “Арева” компани биднийг газар нутаг дээр минь эрх мэдэлтнүүдтэй нийлж цөлмөхөөр шийдсэн бололтой.
Тухайлбал хэдхэн хоногийн өмнө Монгол Улсад цөмийн хаягдал булшлах болон ураны олборлолт хийх гэж байгааг эсэргүүцэн төрийн ордны гадна жагсаал цуглаан зохион байгуулсан билээ.
Уг жагсаалыг зохион байгуулагчид нь “Цөмийн эсрэг монголчууд” хөдөлгөөнийхөн байсан юм. Тэд Францын “Арева”-гийн охин компани болох “Кожеговь” компанийнханд итгэхгүй бөгөөд Дорноговь аймагт ураны гамшиг аль хэдийнэ нүүрлээд байхад Монголын төр ард түмнээ биш хэдхэн төгрөгийн төлөө улсаа худалдахад бэлэн болжээ гэж байсан юм. Угтаа бол Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал үхэж, мөн ард иргэд нь хэдэн арваараа хордож, эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй генийн өөрчлөлттэй болоход ч ойрхон байгааг илтгэж байна. Үүнийг Монголын Засгийн газар маш сайн мэдэж байгаа гэж Гамшгийн эсрэг үндэсний төвийнхөн хэлж байв. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн гэх Засгийн газар “Кожеговь” компанийг цээжээрээ халхлан хоргүй, аюулгүй хэмээн зарлаад байгаа аж.
Төр, засгийн бодлого байхгүй учраас малчид энэ эрсдэлийг ойлгоод эсэргүүцэж эхэлсэн
Энэ талаар Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар “Бидний яриад байгаа энэ асуудал ганц сумын асуудал биш. Нийт Монголын ард түмний асуудал гэдэг нь энд хамгаас чухал. Генийн өөрчлөлттэй малын мах, агаар, хөрсөөр дамжин ураны хор уршиг Монголыг тэр чигт нь бүрхэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. “Арева” компанийн үндсэн зөрчлийг харахад хайгуулын үедээ технологийн алдаа гаргасан.
Мөн туршилтын үйлдвэрлэл явуулсан. Манай улсын хууль тогтоомжид туршилтын үйлдвэрлэл явуулна гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр тэд ямар хууль тогтоомжыг үндэслэж туршилтын үйлдвэрлэл хийсэн бэ гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Хайгуулын ангиуд туршилтын үйлдвэрлэл хийгээд байвал юу болох вэ. Нэгэнт хуульд заагаагүй учраас “Арева”-гийнхан ураныг дураараа олборлож байна гэсэн үг. Хэрвээ туршилтын олборлолт явуулж байгаа бол зөвхөн лабораторын дүгнэлт гаргах хэмжээний 100-400Ф зэрэг хязгаарлагдмал хэмжээнд олборлох ёстой. Гэтэл “Кожеговь” туршилтын үйлдвэрлэл хийн 2.7 тонн уран гаргаж аваад хадгалж байгаа шүү дээ. Энэ чинь зөвхөн малчид төдийгүй улс орныг бүхэлд нь доромжилж байгаа хэрэг. Түүнээс гадна “Арева” компани одоо болтол байгаль орчны нарийвчилсан үнэлгээгүй байна.
Тэд “Бид одоо үнэлгээгээ хийлгэж байгаа” гэж хэлсэн. Мөн хамгийн чухал нь тэд өнөөдөр ашиглалтын лицензээ авах гээд танилцуулж байгаа ч үүнтэй холбоотой дэлхий нийтийн жишиг болсон хаалтын гэрээ гэж байдаг. Энэ асуудал “Арева” дээр ерөөсөө байхгүй. Үүнд манай төр, засгийн бодлого ч байхгүй учраас малчид энэ эрсдэлийг ойлгоод эсэргүүцэж эхлээд байна” гэв.
Засгийн газар улсаа худалдахад бэлэн болжээ
Товчхондоо шинэчлэлийн Засгийн газраас гадна УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн л “Арева” компанийн талд байгаа нь цөмийн эсрэг үзэл бодолтой хүмүүсийн уурыг хүргэж орхисон нь өдгөө ийнхүү асуудал болон дэгдээд байна. Тодруулбал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Цөмийн эсрэг монголчууд” хөдөлгөөнд ирүүлсэн албан шаардлагын хариуд “2009 онд Монгол Улс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах талаар баримт бичиг боловсруулж, үүнийхээ хүрээнд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан. Хуульд зааснаар энхийн замаар, тоног төөхөрөмж авч үйл ажиллагаа явуулна гэсэн утга бүхий дэлгэрэнгүй зүйл заалт байгааг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжинэ гэсэн” утга бүхий бичиг ирүүлжээ.
Эл бичгийн авсан малчид хийгээд нутгийн ард түмэн “Арева”-г Монголд “ар” сайтай буюу төрд суугаа эрхмүүд хэдхэн халтар төгрөгний төлөө Монгол Улсыг худалдахад бэлэн болжээ гэж их л харамсангуй хэлж байсан юм. Уг нь бусад улс орон “Арева” компанийг нутгаасаа хөөж олон улсын “Алуурчин” хэмээх нэр зүүж байхад яагаад манай улсын Засгийн газар дэмжих болов гэдэг нь ч сонирхол татахаар байгаа юм.
Тиймээс өнөөдөр аюулгүй, хоргүй гэсэн нэрийн дор Монголд уран олборлохоор бүхий л бэлтгэл ажил нь хангагдсан тус компанийн талд Монголын төр үйлчилсээр байвал биднийг генийн өөрчлөлттэй ирээдүй, сөнөсөн байгаль л хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй хэмээн “Цөмийн эсрэг монголчууд” хөдөлгөөнийхөн хэлж байсан нь нэгийг бодогдуулах биз ээ.
Түүнчлэн Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом”, Францын “Арева Монгол” компанийн зүгээс хамтарсан “Арева Майнс” компани байгуулах хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “Арева Монгол”, Японы “Мицүбиши” корпораци хоорондын хамтын ажиллагааны гэрээнд тус тус гарын үсэг зурсан үйл явдал болсон. Уг гэрээ ёсоор “Арева Майнс” компанийн 34 хувийг “Мон-Атом”, үлдэх хувийг “Арева Монгол” эзэмших аж. Мөн “Арева Монгол” компанийн 34 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг “Мицүбиши” корпораци хариуцах юм байна.
Засгийн газар гамшгийн гэрээ хийсэн
Ингээд эл гэрээ Монгол Улсад хэрхэн ашиг тустай талаар Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар хэлэхдээ “Үүнийг би гамшгийн гэрээ болсон гэж үзэж байгаа.
Нэгдүгээрт “Арева компани бизнес ухагдахуунаар хандсан. Манай улсын хуульд гадны төрийн өмчит компани 49 хүртэлх хувь эзэмшинэ гэж байгаа. Манайх илүү давуу тал буюу 51 хувийг эзэмших заалттай. Энэ зүйл заалтын агуулга дээр тоглоод манайд эзэмшүүлэх хувьцаагаа 34 хувь болгоод цаана нь үлдсэн 66 хувиа 33, 33-гээд 34-ийн доор харагдахаар зохион байгуулалттай танилцуулагдсан боловч яг гэрээ хийхдээ Японы “Мицибуши” компанийг санхүүжүүлэгчээр оруулж ирээд 22 хувийг өгчихсөн явдал.
Тэгэхээр Монголд 34 хувь, “Арева” 44, Япон 22 хувийг эзэмшихээр болж байгаа биз. Энэ нь бизнес ухагдахуун. Манайд 34 хувийг ямар ч хэл амгүй өгч байгаа үндсэн шалтгаан нь юу гэхээр технологи нь өөрөө үнэгүй учраас эргээд хог хаягдын асуудал хөрсөндөө үлдэнэ гэсэн бодол. Тэгэхээр 34 хувийн хувьцаа бол манайд тоглоомын гэрээ болсон. Гэхдээ технологийг зөвшөөрсөн нь “Хортой” хахууль байсан. Нэгэнт газрын гүний 150-200 метрт хүхрийн хүчил уусгаад уранаа авахад үлдэгдэл хог хаягдал нь Монголд л үлдэнэ. Энэ нь бодит амьдрал дээрээ цөмийн хог хаягдал шүү дээ” гэлээ.
Хамгийн гол нь “Арева” компани яагаад Дорноговь аймгийн Улаанбадрах сумыг онилсон бэ гэвэл тус сум нь ураны маш өндөр агууламжтай дэлхийд хоёрт орох газар нутаг учраас тэд ийнхүү Засгийн газартай нийлж их мөнгө босгох гэсэн арга нь гэж УИХ-ын зарим гишүүн ч хэлж байсан юм. Тэгээд ч ураны салбарыг хамгийн их авлигатай, амаргүй салбар гэдгийг албаныхан өөрсдөө ч хэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн улсад ямар ч ашиг ордоггүй лиценз наймаалсан хэдхэн хүн л ашиг авч асар их баяжаад тухайн улсыг хордуулдаг гэдгийг шинэчлэлийн Засгийн газрын дээд эрхмүүд бүгд л мэдэж баймаар юм.
Тэгэхээр хаа хаанаа хуйвалдаж “Арева”-гийн талд үйлчлээд байгааг нь холбогдох албаны хүмүүс анхааралдаа авахгүй бол бид удахгүй Африкийн араас ороход ойртсон байна шүү эрхмүүд ээ. Товчхондоо “Арева Монгол”-ын арыг Монголын хэн гэгч эрх мэдэлтэн хамгаалдаг юм бол.