Задлангийнханд “задлан хийе”

5816e31885da8bf8originalСүүлийн үед  IV /Ай Bи” гэдэг товчлол Монголд моодонд ороод байгаа гэсэн.  Хэлэхэд амархан, хэн нэгэнд анзаарахгүй, хальт харвал нэгэн брэндийн нэр гэж эндүүрмээр байгаа биз.  Гэхдээ энэ нь авлига гэдэг үгийн товчлол гэсэн шүү. Бас л хөөрхөн “сэтгэсэн”  байна лээ, IV-чид.

Заримдаа энэ яг IV авчихжээ гэж хардмаар явдал амьдралд цөөнгүй тохиолддог. Ялангуяа шүүх эмнэлгээс гаргасан  дүгнэлтүүдийг харахад зарим нь  арай л дэндүү гэмээр санагддагийг нуух юун. Шүүх эмнэлгийн дүгнэлт тэр бүр хохирогчдын сэтгэл нийцдэггүй. Аргагүй биз дээ, төгс төгөлдөр хүн, төгс төгөлдөр шийдвэр гэж байх биш. Хуулинд хүртэл их бага цоорхой байдаг хойно.
Жилийн өмнө Э.Хонгорзул гэдэг бүсгүйд тохиолдсон хэрэг нийгэмд шуугиан тарьсныг манай ушигчид санаж байгааг байх. Мэс заслын аргаар төрсөн бүсгүйн хэвлийг бохир самбайгаа мартсан эмчээс болоод бараг үхэнгээ алдах шахсан явдал өнгөрсөн хаваржингаа л дуулиан тарьсан. Түүнд тохиолдсон тэр явдлыг уншиж байхад хамгийн эмгэнэлтэй болоод утгагүй тайлбар нь шүүх эмнэлгийн дүгнэлт байсан юм. Шүүх эмнэлгийнхэн “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай, кесарево хагалгаа хийх үед нарийн гэдэсний хөндийд самбай орох боломжгүй” гэж гарсан нь тэрхүү дүгнэлтийг гаргахад оролцсон нөхдүүд IV авчихжээ гэсэн хардлага олон хүнд төрүүлсэн нь лавтай. Тэрхүү мэдээллийн  дор үлдээсэн сэтгэгдлүүдийг харахад олон хүн ингэж хардаж буйгаа илэрхийлсэн байсан юм даг.  Яаж ч өлслөө гээд марль идээд сууж байх  хүн бий юу.  Магадгүй шүүх эмнэлгийнхэн л ингэж сэтгэх байх.

Найз залуудаа хэрцгийгээр зодуулсны улмаас амиа алдсан гэх 21 настай бүсгүйн задлан шинжилгээний анхны дүгнэлт бас л дуулиан тариад байгаа.  Бүх бие нь хөх няц болсон бүсгүйд анхан шатны тусламж үзүүлсэн эмч нь хүртэл “гадны нөлөөтэй” гэдгийг хэлсээр байтал задлангийнхан яаж “Архаг өвчний улмаас нас баржээ” гэдэг дүгнэлтийг гаргаж чадав аа. Үүнийг эсэргүүцсэн олны дургүйцлийг дарахын тулд УЕП-ын зүгээс дахин задлан шинжилгээ хийлгэсэн боловч, хариуг нь нууцалсаар байгаа шалтгаан нь юу юм бол. Ямар ч байсан энэ хэрэг дээр стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноров “Би өөрөө нүдээр харж шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаагүй учир мэдээлэл өгөх эрх надад байхгүй. Сургаар бол шүүх эмнэлгийн хоёр дүгнэлт талийгаачийн гэр бүлийн сэтгэлд нийцээгүй. Энэ мэдээг сонссон ээж нь гүн шоконд орсон байдалтай байгаа. Хэрвээ шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн бол маш их харамсалтай байна” хэмээн өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн байна лээ.

Жилийн өмнө Дархан-Уул аймгийн эрүүлжүүлэхэд амиа алдсан залуугийн аав хэвлэлийн хурал хийлгэж учир битүүлгээр амиа алдсан хүүгийнх нь үхлийн шалтгааныг буруу тогтоосон гэж шүүх эмнэлгийнхэнд гомдолтой байгаагаа хэлж байв. Ар­хины хурц хорд­логын ул­маас нас барсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлтийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байв.

Тэгвэл  өнгөрсөн оны  сүүлчээр Налайх дүүрэгт байрлах 014-р ангид алба хааж байсан М нас барсан гэх мэдээллийг аав ээж нь авчээ. Задлан шинжилгээгээр  М.Мөнх-Эрдэнийг зүрхний шигдээсний улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэж дүгнэжээ. Үүнийг ар гэрийнхэн нь мөн л ташаа дүгнэлт болсон хэмээн хардаж буйгаа хэвлэлээр мэдэгдэж байлаа. Энэ мэтчилэнгээр шүүх эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой гомдол тасардаггүй нь тус эмнэлгийнхэнд өөрсдөд нь “задлан хийх” цаг болсныг харуулж байна. Энгийн хүний нүдээр харахад ойлгомжтой зүйлийг яагаад шүүхийнхэн өөр нүдээр хараад байна вэ. Ямар өнцгөөр эмчийн үлдээсэн самбайг идсэн болгоод дүгнэлт гаргачихсан хэрэг вэ. Элэг хөшөөмөөр дүгнэлт гаргадаг ийм мэргэжлийн эмнэлэг гэж байх уу. Ингэхэд тэдний гаргасан дүгнэлт бүхэнд “задлан хийгээд” үзвэл ямар вэ.

Нэг  цэг таслалаас болж цаазаар авхуулах ёстой хүн нь өршөөгдөн, өршөөгдөх ёстой байсан хүн цаазаар авахуулсан талаар оюутан байхад орос хэлний багш маань зааж байсан юм даг.  Харин шүүх эмнэлгийнхний хувьд нэг цэг байтугайг нь гээж, өөрчилж чадаж байгаа юм биш үү. Эцсийн эцэст татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суугаа шүүх эмнэлгийнхэн яагаад ийм хачирхалтай дүгнэлт гаргадаг вэ.Энэ бүхэнд хариулт авч, иргэдийн хардлагыг зогсооё гэвэл задлангийнхний ажилд “задлан хийх” л хэрэгтэй байна.

Эх сурвалж: news.mn Ж.Нямсүрэн

index

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …