Sun Myung Moon буюу Мүүн гэж хэн бэ? |
Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлийн холбоо. Шашны байгууллага ч юм шиг, төрийн бус байгууллага ч юм шиг үйл ажиллагаатай энэ байгууллага монгол улсад үүд хаалгаа нээгээд хэдэн жилийг элээжээ. Голдуу оюутан залуус энэ байгууллагын альбом, танилцуулга барьчихсан гэр бүлээ дахин батлуулах, ариун гэр бүл болох гэх мэт эелдэг урилгаар таныг хаа ч угтаж мэднэ. Тэдний хэлдэг үгийн нэг нь заяаны ханьтайгаа учрахыг хүсч байвал бидэнд хандаарай гэх.
Монгол улсад шашны талаарх мэдлэг дулимаг тул зөв буруугүй хольж хутгах, хамруулан муулах, буруутгах, үзэл бодлын ялгааг нь мэдэлгүй үүдээ нээх, зарим нь тэдний амласан мөнгө, нүсэр хөрөнгөнд нь татагдан эх орноо худалдахад хүртэл хүрз болзошгүй тул “Мүүнизм” хэмээх энэхүү шашны талаар түүний башир аргуудын талаар энд өгүүлье. Мараната сэтгүүлийн уншигчдын зүгээс ч мөн Мүүнизмын талаар мэдээлэл өгөөч хэмээн хүссэний дагуу судалгаа хийж дараах цуврал нийтлэлийг танд танилцуулж байна. Хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгост Мүүний талаар ном бичээд зохиогч нь гэнэтийн байдлаар алуулсан гэдэг. Тийм явдал болохыг хэн үгүйсгэхэв (Тийм л юм бүү болоосой билээ.) Юутай ч болов бид судалгаа хийж бичсэн хүнээ нууцлах эрхтэй тул эрхээ эдэлж нууцлав. Энэхүү мэдээлэл нь тухайн шашныг илт дайрч доромжилсон бус харин үнэн бодит мэдээллийг хүргэж байгааг анхаарна уу. Sun Myung Moon буюу Мүүн гэж хэн бэ? Мүүнизмыг үүсгэн байгуулагч Sun Myung Moon буюу Мүүн гэгч хэн бэ? Үндэслэгчийг нь мэдэхгүйгээр шашныг мэднэ гэдэг өрөөсгөл. Нилээн ээдрээтэй намтартай, янз бүрийн шашны сургаалаас Мүүнизм (Moonism буюу Unification Church) шашин бий болгосон, бизнесийн болон хэвлэл мэдээллийн олон компанийн эзэн хүний тухай судалж байхад их л хачирхалтай юм олныг мэдэв. Тэр ч бүү хэл хийдэг юмсыг нь бичих гэхээр сэтгэл эмзэглэж байсныг нуух юун. Үнэнийг дэлгэж байгаа болохоор бүгдийг нь бичихийг хичээлээ. Мүүний мэдэлд, дэлхий даяар олон улсын 350 бизнесийн компанийн том сүлжээ байдаг юм байна. Тэдний 280 нь гэхэд АНУ-д байдаг гэнэ. Тэдгээр нь (байгууллагуудыг монголоор орчуулалгүй шууд англиар нь бичив):* Washington Times сонин
* The International Cultural Foundation, * The Washington Institute for Values and Public Policy, * Paragon House Publishers, * The Christian Bernard jewelry chain, * Happy World toy and clothing outlets.Мөн Мүүний сүмийн (Unification Church) мэдэлд:* Улс төрийн бүлэглэлүүдээс: American Freedom Coalition, CAUSU USA, CAUSU International, American Leadership Conference, American Constitution Committee, Association for the Unity of Latin America. * Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас: News World Communications, New York City Tribune, Insight Magazine, World Media Association. * Бизнесийн байгууллагуудаас: One Up Enterprises, U.S. Property Development, International Oceanic Enterprises. * Шашны байгууллагуудаас: 55 гаруй мөргөлийн төвүүд (хоёр нь Калифорнид, мөн Техас, Нью Йоркод болон АНУ-ын муж бүрт, Пуерто Рикод хүртэл байдаг), болон 206 гаруй салбар цуглаантай гэнэ. Мүүний цуглаан нь англи хэлээр Unification Church хэмээх нэрээрээ алдаршжээ. Албан ёсоор бүртгүүлсэн нэр нь, The Holy Spirit Association for the Unification of World Christianity юм байна. Солонгос үндэстэн Мүүн гэгч энэ хүн анхныхаа цуглаанаа 1954 онд байгуулсан бөгөөд өөрийгөө 1936 онд 16-тай байхад нь Есүс Христ Хойд Солонгост байхад нь үзэгдэж онцгой үүрэг өгсөн гэж танилцуулдаг байна. Ер нь Есүс Христийн нэрийг баригч гаж урсгалтнуудын үндэслэгчид бүгд л Есүс Христтэй уулзаж, түүнээс онцгой үүрэг авсан гэж хэлцгээдэг. Мормоны үндэслэгч Иосеф Смит ч бас үүнтэй адил зүйл ярьдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Мүүн Хойд Солонгосын нийслэл Пхенъянд очиж 1945 онд анхныхаа цуглааныг байгуулжээ. Тэнд, “цус зааглах” хэмээгч хачин ёслол үйлдэж байгаа талаар хүмүүс мэдээлж байжээ. Энэ ёслолоор бол цуглааны эмэгтэй гишүүд Мүүнтэй сексийн харилцаанд орж сатаны нөлөөнөөс гарах ёстой гэнэ. 1948 онд Хойд Солонгосын эрх баригчид түүнийг баривчилж хоёр жил гаруй засан хүмүүжүүлэх ангид садар самуунд бусдыг уруу татсан ба завхайрсан гэсэн шалтгаанаар хорьжээ. Солонгосын дайны үеэр НҮБ-ийн цэргүүд Хойд Солонгосыг чөлөөлөх үед 1950 онд шоронгоос суллагдав. Өнөөдөр ч гэсэн Мүүний номлолд секс болон эмэгтэйчүүд эрчүүдэд бүрэн захирагдах талаар номлодог. 1995 онд “Жинхэнэ эцэг эхчүүдийн өдөр”-өөр тэрээр, “Эмэгтэй хүн эр хүний бэлэг эрхтэнээр дамжуулан хайрыг амсдаг учраас хайрын жинхэнэ ордон бол эр эмийн эрхтэнд оршино” хэмээн номлож байжээ. Солонгосын дайны дараа Мүүн Өмнөд Солонгос руу нүүж тэнд цуглаанаа байгуулав. Одоо дэлхий даяар Мүүний цуглаанд 3 сая гаруй гишүүд (үүнээс 45,000 нь АНУ-д) байдаг гэнэ (харин The Encyclopedia Americana мэдээлснээр Мүүний сүмд дэлхий даяар ердөө л 30,000 хүн байдаг гэж тэмдэглэсэн байна). Мүүний цуглаан Америкт татвараас бултсан хэргээр олон удаа яллагдаж байжээ. Үүнээс болж тэрээр холбооны шоронд 11 сар суусан байна. Мүүн 1973 оноос хойш АНУ-д байнга оршин суугч гэсэн хуулийн статустай болов. Мүүний сургаалын бантанд: Христийн сургаал, Дорно дахины ид шидийн сургаал, коммунизмын эсрэг суртал ухуулга зэрэг өчнөөн олон юм байдаг байна (BDM’s 7/97 cult report on the Unification Church.) Мүүн олон дахин татварын асуудал, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт орооцолдож хэд хэдэн удаа холбооны шүүхээр орж шоронд орж байжээ. Нэгэн удаа түүнийг шоронгоос суллагдахад нь түүнийг хүндэтгэж тухайн үед $100,000-ын үнээр ихээхэн том хэмжээний зоог барьсан байна. Тус зоогт Мүүн өөрөө голлон үг хэлсэн бөгөөд түүний урилгаар тэнд Шашны эрх чөлөөний нийгэмлэгээс, АНУ-д байрлах Сүмүүдийн үндэсний зөвлөл, Пресбэйтеран цуглааны холбоо, Үндэсний Эвангелийн эвсэл, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (Мормоны сүм), Католикийн иргэний хамгаалал нийгэмлэг болон Америкийн Христэч сургуулиудын холбооноос төлөөлөгчид оролцсон байна. Мүүн өөрийн хууль бус үйл ажиллагаагаа шашны хавчлага, иргэний бишрэн шүтэх эрх чөлөөг зөрчлөө хэмээн булзайруулж бусдын нэрэнд өөрийн явдлаа далдалсан байна (Media Spotlight, January-March 1986). Хэдэн жилийн өмнө монголд ч бас шашнуудын удирдагчдын уулзалт болж байсныг санаж байна. Ер нь Христийнхэн бид цааш цаашдаа хэнтэй нэр холбогдох, яагаад ямар учраас тухайн арга хэмжээ зохиогдож байгаадаа бодолтой байхад илүүдэхгүй. Эс бөгөөс түүхэнд буруугаар бичигдэх бий вий. Мүүний цуглааны нэг гол үйл ажиллагаа бол олон хүнийг зэрэг хуримлуулах. Голдуу тэд өөрсдийн цуглааны гишүүдийн цуглуулсан хүмүүсийн зураг ба мэдээллийг ашиглан Мүүнд хэнийг хэнтэй гэрлүүлэх “тэнгэрлэг сонголт” өгдөг байна. Мүүн тэдгээр зургуудыг хоёр сар хиртэй судалж, хооронд нь зохицуулж нийлүүлдэг аж. Үүний нэгээхэн гэрч нь 1992 оны 8-р сарын 25-нд Сөүлд болсон 30,000 хүний хурим юм. Тэрхүү хуримын ёслолд хүн төрөлхтөний жинхэнэ эцэг эх гэж өөрсдийгөө өргөмжилсөн Мүүн болон түүний эхнэр оролцжээ. Удаах маас хуримд, 1995 онд дэлхийн 100 улсад зэрэг зохион байгуулагдсан хурим орно. Тус хуримын ажиллагааг хиймэл дагуул ашиглан 720,000 хүн гэрлэсэн ба тэдний хоёрны гурав нь шинээр гэрлэж байгаа бус харин гэрлэлтээ дахин сэргээн бие биеэдээ ам тангаргаа өргөсөн хосууд гэнэ. Тэрхүү том хурим нийт 545 хотод болсон ба АНУ-аас гэхэд л 10,000 хүн оролцжээ. Тэднийг гэрлүүлэхэд Мүүн болон түүний эхнэр 15 сар уйгагүй ажиллаж хэнийг хэнтэй гэрлүүлэхээ шийдсэн юм байх. Ерөнхийдөө зургуудыг нас, хүйс ба аль улсаас гэдгээр нь ялгадаг аж. Японы хосууд энэ арга хэмжээнд оролцох гэж 29,000 ам доллар төлсөн бол Америкчууд 2,000 доллар төлсөн аж. Хосуудаас хураасан хураамжаа хиймэл дагуул ашигласны хураамжид зарцуулсан гэх ба Африкийн 200,000 хосыг гэрлүүлэхэд ашигласан гэж албаны эх сурвалж мэдэгдсэн байна. Өмнөд Солонгост буй Протестанд чиглэлийн чуулгануудын хэлснээр, тэд иймэрхүү арга хэмжээгээр жилд 1,3 тэрбум ам. доллар цуглуулдаг аж (Source: 9/25/95, Christian News, p. 14.) Монголд ч бас ийм хурим хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ерөнхийлөгч Багабандийн үед шиг санаж байна. Гэрлэсэн хосуудад, эсвэл гэрлэлтээ дахин сэргээж байгаа хосуудад гэр бүлийн гэрчилгээ өглөө гэж миний нэг таних хүн харуулж байсныг бодоход одоо яс хавталзах шиг болж байна. Тэр бүх сайхан үг хэлний цаана чухам юу болж байсныг бидний гэнэн монголчууд хэрхэн мэдэх билээ. Мүүн энэ мэт үйл ажиллагаандаа ялангуяа сэтгэлийн хувьд тогтворгүй, цаг үедээ сэтгэл хангалуун бус яваа залуусыг их ашигладаг аж. Шашны бус боловч шашны агуулгатай янз бүрийн байгууллагуудаар дамжуулан тийм залуусыг өөрийн үзэл санаандаа уусгадаг байна. Тэрээр үр хөндөлт, порно донтолт, гэмт хэрэг, биеэ үнэлэх болон баруунд болж буй олон муу муухай зүйлийг дурьдан илүү сайхан “Шинэ Үе”-ийг бий болгохын төлөө залуусыг уриалан дуудаж өөрийн үнэн нүүр төрхийг далдалдаг ажээ. Угтаа түүний далд санаа болох “Мүүнд дуулгавартай явбал авралд хүрнэ” гэх далд санааг нь залуус эхэндээ хэрхэн тааварлах билээ. Мүүн асар завгүй ажиллана. Шинээр ажилтан авах, номлол хийх, мөнгө босгох арга хэмжээнд Мүүн завгүй оролцоно. Түүний хувийн амьдрал гэхэд л Америк, Баруун Европ, Солонгос болон Японд бий. Нэгэн хачирхалтай зүйл гэвэл, Мүүний өршөөл дор гэрлэсэн хосууд хүүхэдтэй болвол хүүхдээ Мүүний халамжинд өсгөх ёстой гэнэ. Эцэг эхээс нь хол ийнхүү өсгөхдөө тэдний хүүхдэд, “чиний жинхэнэ эцэг эх бол Мүүн болон түүний эхнэр” хэмээн заадаг байна. Харин ганц бие Мүүний гишүүдийг тэд гэрлэлтэд ихэд яаруулдаг гэнэ. Заяаныхаа ханьтай учрахад тань Мүүн туслана гэж ухуулдаг монгол оюутнууд тэдний л хөл гар болж буйн нэгэн жишээ гэвэл энэ байна. Эх сурвалж: FREEZONE.MN |
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …