УИХ-ын чуулганаар Улстөрийн намуудын тухай хуулийг яаравчлан, хэлэлцэж батлахгүй бол гурван саяд дөхөж яваа цөөхөн монголчууд намчирхах үзлээр нэгийгээ яаж ч мэдэхээр болжээ. Саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр л намаа өмөөрсөн хөгшин, намдаа өширхсөн залуу хоёр зодолдож, булайгаа дэлгэсэн.
Уг нь хуульд улстөрийн намыг “Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улстөрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” хэмээн заасан байдаг. Гэтэл өдгөө энэ ойлголт нь аливаа албан тушаалд томилогдох виз, гэмт хэргээс хамгаалдаг “чөлөөт бүс” болж хувираад байна.
Тодруулбал төрийн албанд ажилламаар байвал эрх барих магадлал өндөртэй намд элсэж, батлахыг нь халааслан, багагүй хөрөнгөөр хандив өргөх шаардлагатай. Хэрвээ боломжийн албан тушаал хүсвэл бусдаас арай өөрөөр хандаж, дарга нартай шадарлаж, дагалдан баясах хэрэгтэй бололтой.
Цагаан цаасан дээр хар бэхээр бичээгүй ч улстөрийн намын гишүүдийн зүрх нь “батлах” гэж цохилон, албан тушаал, даргын сэнтийгээр сэтгэлээ жигүүрлэн амьдардаг болжээ. Түүгээр ч зогсохгүй намууд олон нийтэд танигдсан хүмүүсээр гишүүдийн хүрээгээ тэлж, хэдэн зуун, мянган гишүүнтэй хэмээн чангаар зарлах нь нэг төрлийн бахархал нь болоод байгаа.
Түүнчлэн нам хооронд буухиа аян өрнүүлчихсэн мэт намаас нам руу урвах нь хэвийн үзэгдэл болсон. Үүнийгээ их цэвэрхэнээр буюу үзэл бодол нийлээгүй, бодсоноос маань өөр арга барилаар ажилладаг нам байна хэмээгээд энэ л монголчуудын төлөө дуугарах нам байна хэмээн өөр нэг улстөрийн “бүлэглэлийн” гишүүн болох жишээтэй өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд МАН-аас МАХН-д Дэлхийн аваргатай хамт 200 хүн элслээ л гэсэн. Хоёрхон хоногийн дараа Дэлхийн аварга нь “намд саналаараа элсээгүй” хэмээн бууж өгчихсөн явсан. Араас нь Чөлөөт бөхийн холбооныхон дарамталснаас ийм хэрэг үүслээ гэх тайлбарыг МАХН-ынхан өгсөн.
Тэгвэл МАХН дахиад л “хоморголон” элсүүлэх арга хэмжээ авахаар шийдэн 400 гишүүн шинээр элсэхээр боллоо гэдэг зарыг олон нийтэд тараагаад байна. Тэдгээрт нь МАН-аас гадна АН-аас “урвагчид” яваа юм байх.
Ийн намаас намын хооронд батлах өвөртлөн хэсэх нь мөн чанартаа бол мөнөөх л албан тушаалын бялуу горилох арга. Түүгээр ч зогсохгүй аль ч намын үед аргаа олоод амьдарчих санаатай, сэргэлэн гэр бүл бол эхнэр, нөхөр, хүү, охин гээд бүгд өөр өөр намын гишүүн байх шилдэг тактиктай амьдарч байх жишээтэй. Энэ мэтийн гэр бүл өнөөгийн парламентад ч байгаа.
Азийн цээжинд орших монголчууд бид газар нутаг томтой ч хэдүүлхэнээ шүү хэмээн шогширдог хэрнээ намчирхах үзлээс болж хөнжилдөө хөлөө жийлцэх нь хөндлөнгийн хөршүүдэд амархан хоол мэт харагддаг гэдгийг туршлагатай гэгддэг улстөрчид хэлсээр байгаа.
Тиймээс ч Улстөрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр хатуу гишүүнчлэлийг халъя гэдэг санал нэлээд дэмжигдэж байгаа нь сайшаалтай л юм. Гэхдээ сэрчихгүй бол сайхан зүүд гэдэг шиг эрхэм түшээд хэлж буй үгнээсээ гэнэт буцахгүй бол шүү дээ.
Намууд хатуу гишүүнчлэлтэй байснаар итгэл үнэмшлээ тэргүүнд тавихаас илүү эд хөрөнгө хурааж болох эвтэйхэн албан тушаалын төлөө эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл болж хувираад байна.