Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхий прокурор Д.Дорлигжав гэх хоёр эрхмийн дунд томоохон ангал үүссэн бололтой.
Хэдийгээр тэд хууль зүйн салбартаа нөлөө бүхий хүмүүс ч өнгөрсөн оны сүүлээс эхлэн салбарынхаа байр, байшингийн асуудлаас болж муудалцаж эхэлсэн. Гэтэл өдгөө таарамжгүй байсан сэтгэл нь зад үсэрч өчигдөр Төрийн ордонд муудалцан, “чи, би”-дээ тулсан талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.
Уг нь Х.Тэмүүжин сайд салбартаа нэлээд шинэчлэл хийж байгаа хэмээн ам бардам байдаг. Гэвч сайдын санаачилсан шинэчлэлийн хүрээний ажлууд зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. Ядахад суурь буюу Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Мөрдөх албаны тухай хууль батлагдаагүй байхад Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжээд эхэлчихсэн. Тэгэхээр хэрэгжилтийг нь хэрхэн хангах нь тодорхойгүй болоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл шинэ, хуучин хуулийн хооронд тодорхой зөрчлүүд, хууль зүйн байгууллагуудын хооронд ойлголцлын зөрүү гарснаас сайд, прокурор хоёрын дунд маргаан дэгдсэн хэрэг.
Тодруулбал Д.Дорлигжав прокурорын оруулсан саналыг Хууль зүйн сайд шинэчилсэн зарим хуульдаа тусгаагүйгээс болж өдгөө цагдаагийн байгууллага дээр, дооргүй хөлөө олохгүй бэдэрч байгаа юм.
Тиймээс сүүлийн хэдэн өдөр Ерөнхий прокурор хэвлэл мэдээллийнхэнд их л нээлттэй болж, өөрийнхөө санаа бодлыг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх болсон нь сайдын “гэдэнг” хөдөлгөж эхэлсэн учраас тэдний маргаан улам ширүүсэж Төрийн ордонд муудалцахад хүргэжээ.
Түүнчлэн шинэ хуулиар цагдаа, цагдаагаа шалгах болсон нь олны эгдүүцлийг хүргээд байгаа юм.
Уг нь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарыг шалгадаг байсан. Гэтэл хуульд өөрчлөлт орсноороо АТГ албан тушаалын хэргийг шалгахаар болсон. Харин ахуйн шинжтэй гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгана гэж заасан.
Ерөнхий прокурорын бас нэгэн шүүмжлэлийн бай нь Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн газар гэсэн хоёр агентлагийн багагүй алба, хэлтсийг Цагдаагийн Ерөнхий газрын удирдлага, хэлтэс рүү тараасан явдал юм. Уг нь түүний хэлж буйгаар цэвэр мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажлыг захиргааны эрх мэдэл рүү шилжүүлчихээд байгаа ажээ.
Аливаа шинэчлэлийн явцад шинэ болон хуучин хуулийн арга барилын зөрчил зайлшгүй гардаг гэдгийг уг нь энэ салбарынхан сайн мэддэг. Түүгээр ч зогсохгүй энэ мэтийн зөрчлийг хууль хэрэгжүүлэгч, сахиулагч байгууллагууд тухай бүрт нь арилгаж, ойлголцон, нэгдсэн тайлбар, ойлголтод хүрэх ёстой гэж үздэг.
Харамсалтай нь дээр дурьдсанчлан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Мөрдөх албаны тухай хууль батлагдаагүй байхад Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжсэн, хуучин, шинэ хуулийн нэр томъёоны зөрчил байгаа зэргээс үүдэн хууль зүйн салбарын “томчууд” хөлөө жийлцэж эхэллээ.
Тэдний ийнхүү шинэчлэлээс үүдэлтэй маргааныг ажиглаж буй олон нийтийн хувьд “Монгол Улсын хууль зүйн систем гацахгүйгээр ажиллах ёстой” байтал дарга нарын маргаан хэрээс хэтэрч хууль хэрэгжүүлэгч болон сахиулагч байгууллагууд үндсэн үүргээ умартах вий хэмээн сэрэмжлэх болжээ.