Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүлж буй орон сууцны урт хугацаатай зээлийн талаар өнөөдөр болсон “Шинэчилж шийдье-222” ээлжит хэлэлцүүлгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал олон нийтэд мэдээлэл өглөө.
Төрийн албан хаагчдад зориулсан 4000 айлын, бага дунд орлоготой иргэдэд зориулсан 6 хувийн хүүтэй зээл зэрэг өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд төсөвлөсөн тодорхой тоотой мөнгө нь дуусахад гарцгүй зогсдог байсан. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдлаар явж ирсэн дээрх хөтөлбөрүүдээс энэ бодлого ямар ялгаатайг, Шинэчлэлийн Засгийн газар чухам ямар шинэчлэл хийснийг Ерөнхий сайд нэрлэсэн юм.
§ – Зээлийн санхүүжилт нь эрэлтэд тулгуурлан зогсолтгүй үргэлжилнэ. Санхүүжилтгүйгээс хөтөлбөр зогсоно гэж айлтгүй, урт хугацаанд тогтвортой хэрэгжинэ.
§ – Одоо орон сууцны зээлийн хүүгийн доод хэмжээ жилийн 14-16 хувьтай байгаа бол энэ хөтөлбөр эхлэнгүүт 8/±1/ хувийн хүүтэй, 20 хүртэл жилийн хугацаатай зээлийг иргэдэд олгоно.
§ – Зөвхөн Төрийн банкаар биш арилжааны аль ч банкаар энэ зээлийг олгоно, иргэд ч банкаа чөлөөтэй сонгоно.
§ – Зээлд хэн ч хамрагдаж болно. Хаана ажилладаг, хэн байхаар нь ард иргэдээ ангилан ялгаварлахгүй. Тогтвортой ажил эрхэлдэг, тогтмол орлоготой байх ганц шаардлага тавьж, хэн бүхэнд тэгш боломж олгоно.
§ – Зээлээр авах орон сууцны талбайн хэмжээг 80м2. Өмнө нь 50 м2 байсан юм.
§ – Ашиглалтад орсон орон сууцанд л энэ зээлийг олгоно. 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгыг зээлд хамруулдаг байснаас компаниуд товлосон хугацаандаа орон сууцаа ашиглалтад оруулахгүй иргэдийг хүү, төлбөрөөр хохироох явдал түгээмэл байв. Энэ байдлыг халахаар иргэдээ хамгаалсан ийм зохицуулалт хийлээ.
§ – Зөвхөн шинээр ашиглалтад орсон орон биш хуучин орон сууцыг ч иргэд энэ зээлээр худалдан авах боломжтой.
§ – Зээлийн урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөлтэй. Батлагдсан журамд урьдчилгаа төлбөрт иргэд 10-30 хувийг төлөхөөр заасан. Энэ дагуу ахмад настан, залуу гэр бүл, төрийн албан хаагч зэрэг зорилтот бүлэгт урьдчилгаа төлбөрийн хувьд тусгайлан үзүүлэх хөнгөлөлтийг Засгийн газар ирэх намар тодорхойлж хэрэгжүүлэх юм.
§ – Өмнө зээл авсан иргэд 8/±1/ хувийн хүүтэй зээлд шилжих боломжтой. Энэ зээлийг олгож эхэлснээс 7 сарын дараа шилжүүлэхээр яригдаж байсан ч иргэдээ ялгаварлахгүй байх зарчмыг эн тэргүүнд тавьж, 8/±1/ хувийн хүүтэй зээл олгож эхлэх өдрөөс шилжүүлэх боломжтой байхаар шийдвэрлэлээ.
Орон сууцны зээлийн энэхүү хөтөлбөрийг 2013 оны 6 дугаар сар 17-ны даваа гарагаас эхлүүлэх болсноо Засгийн газрын тэргүүн, Монголбанкны удирдлага “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр зарлалаа.
Энэ ажлыг бүтэшгүй хэрэг, сонгуулийн шоу гэх маягаар ярьж тайлбарлах, үл итгэх хандлага нийгэмд бий. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ бол эдийн засгийн хувьсгал юм шүү. Ардчилсан нам Засгийн эрх барих үгүйгээс, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үгүйгээс хамааралгүй зогсолгүй үргэлжлэх эдийн засгийн том циклийг бид эхлүүлж байна” гэлээ. Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “1996 онд Ардчилсан нам эрх барьж байхдаа иргэддээ орон сууцыг нь хувьчилсан. Бүх иргэддээ тэгш боломж олгож буй орон сууцжуулах энэ хөтөлбөр хоёр дахь давалгаа нь юм” гэж тодотголоо.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа ханцуй шамлан орсон гол ажлын нэг бол иргэдээ орон сууцжуулах бодлого боловсруулах байсныг Ерөнхий сайд онцолж, өнгөрсөн есөн сарын хугацаанд салбар бүрт хийсэн олон ажлын үр дүн өнөөдөр гарч байгааг хэллээ. Барааны үнийн өсөлтийг хазаарлан нэг оронтой тоонд барьж чадсан, хил гааль дээр саатаахгүй байх зохицуулалтууд хийсэн, барилга барихын тулд 120 шахам хүний гарын үсэг цуглуулан 208 хоног шаарддаг байсан хүнд суртлыг халсан, барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэхэд чиглэсэн алхмууд эхлүүлсэн, барилгын үйлдвэрлэлийг улирлын нөлөөллөөс гаргах технологийн шинэчлэлтүүд нэвтрүүлсэн, орон сууцны нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлсэн, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг төрийн зардлаар тавьж эхэлсэн гэх мэт ажлын нийлбэр үр дүнд энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.