Гэр бүл салсан тохиолдолд хүүхэд орон байраар хангагдах ёстой

ХАХНХЯ-аас өнөөдөр Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг хуулийг гардан хэрэглэдэг нийслэлийн иргэний хэргийн шүүгч, хуульч, өмгөөлөгч нарын төлөөлөлд танилцуулж, саналыг хуулийн төсөлд тусгах зорилготой хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Энэхүү хуульд ямар ямар асуудлыг зохицуулж өгсөн байгаа вэ?

-2014 оныг бид гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд бид хүүхдийн эрх хамгааллын асуудал ямар түвшинд байна вэ, одоогийн мөрдөж байгаа 1996 онд баталсан Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа юм, нийгмийн түвшинд буюу төр засгийн анхаарлын төвшинд байгаа хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлууд юунаас улбаатай юм гэдэгт судалгаа шинжилгээ хийж үзсэн байгаа. 2-14 насны судалгаанд хамрагдсан 2000 орчим хүүхдийн 46-50 орчим хувь нь ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байсан гэдгийг судалгаа харуулж байна. Түүнчлэн асрамжийн газар байгаа 1000 орчим хүүхдийн дотор 40 орчим хувь нь өөрийн орон гэртээ ямар нэгэн хүндрэл, гэр бүлийн асуудалтай буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс гэрээсээ дайжиж асрамжийн газарт хамгаалалт авах үүднээс очсон тохиолдлууд гарсан байгаа. Ер нь нийгэмд гарч буй олон сөрөг асуудал байна. Энэ бүгдийг бид судалж үзээд Хүүхдийн эрхийн хуулийн, хүүхдийн эрхийн конвенцид тусгагдсан дөрвөн асуудлын хүрээнд хүүхдийн эрхийг төр хэрхэн яаж хамгаалах ёстой юм, мөн эцэг эх болон хүүхдийн өөрийнх нь эрх үүрэг нь юу байх ёстой гэдэг талаас хуульчилж өгнө.

-Эцэг эхийн хариуцлагыг асуудлыг хөндөх үү?

-Мэдээж нэн тэргүүнд хүүхдийн эрхийн асуудлыг эцэг эхчүүд өөрсдөө хариуцах ёстой шүү дээ. Хүүхэд эцэг эхийн гар дээр өсөн бойжиж, хөгжих ёстой. Энэ эрхээ хүүхэд эдэлж байна уу үгүй юу гэдэгт эцэг, эх хүүхэдтэй ажилладаг байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд бүгд хамтарч оролцоно. Эхний ээлжинд эцэг, эхийн хамгаалалт чухал. Эцэг эх өөрсдөө хүүхэддээ ямар нэгэн асуудал, доголдол үүсгэх, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх, хүүхдийн хувьд үндсэн дөрвөн эрх зөрчигдсөн тохиолдолд эцэг эхэд зуучлах зөвлөгөө өгөх төвүүдийн эрх үүргүүд тодорхой гарсан байгаа.

-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хуульд хэрхэн тусгасан байгаа вэ?

-Энэ тал дээр ойлголтыг зөв болгох ёстой. Хүүхэд хүмүүжих, төлөвших нэг хэлбэр бол хөдөлмөр юм. Хүүхдийн эрүүл мэндэд ноцтой буюу хортой тийм хөдөлмөр эрхлүүлээгүй л бол хүүхэд хөдөлмөрөөр хүмүүжих ёстой гэж үзэж байгаа. Манай уламжлалт аргууд ч байдаг шүү дээ. Хуулиар зөвшөөрөгдсөн хөдөлмөрийг бол хүүхэд хүмүүжил төлөвшлийнхөө түвшнид хөдөлмөрлөх боломжтой. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг мэдээж хориглосон зүйл заалтууд байгаа.

Түүнчлэн энэхүү хэлэлцүүлэгт хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцсон юм. Хуульчдийн холбооны Өмгөөлөгчдийн хорооны дарга З.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн орчингийн талаар ямар зүйл заалт орсон байгаа вэ?

-Бид Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлтэй танилцаад явж байна. Тодорхой саналуудаа боловсруулсан. Гэр бүл, гэр бүл дэх хүүхдийн эрхийн асуудлыг хуулийн төслөөр тодорхой зохицуулалтууд тусгаж өгсөн байна. Биднээс тодорхой саналууд бий. Жишээлбэл, гэр бүл салсан тохиолдолд хүүхэд орон байраар хангагдах ёстой. Энэ бол чухал эрхийн нэг. Тэгэхгүй бол гэр бүлд маргаан үүссэн тохиолдолд тухайн хүүхдийн амьдарч байсан орон сууц эцэг эхийнх нь хувьд буюу гэр бүлийн гишүүдийн хувьд хуваагдаад дуусдаг. Хүүхдийн амьдрах орчны асуудал их хурцаар тавигддаг. Тиймээс энэ зохицуулалтыг тодорхой оруулж өгөх ёстой юм гэсэн байр суурьтай байна.

-Энэ хуулийн төсөлд нэмж хэлмээр зүйлүүд юу байгаа бол. Ер нь хүүхдийн эрхийг бид яаж хангах ёстой юм бол?

-Сүүлийн үед хүүхдийн эрхтэй холбоотой тодорхой асуудлууд нийгэмд гарсаар байгаа. Бид Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Нийслэлийн хүүхдийн төлөө газартай хамтраад хурдан морины унаач хүүхдийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хуулийн төсөлд яг энэ асуудлаар тодорхой зохицуулалт алга. Хурдан морины унаач хүүхдийн хөдөлмөр, эрхийн хамгааллын асуудлыг энэ хуулийн төсөлд тодорхой тусгаж өгье гэсэн байр суурьтай байна.

-Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тухай ямар заалт орсон юм бэ?

-Манай хууль тогтоомжийн зарим зохицуулалтад их бүрхэг буюу ерөнхий зохицуулалт байдаг. Хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр хийлгэж үл болно гэх жишээтэй. Тийм учраас эдгээрийг задалж, нэг бүрчлэн зааж өгвөл амьдралд хэрэгжилт нь сайжирна. Хуулийг янз бүрийн түвшний хүмүүс уншина шүү дээ. Хуульчид, жирийн иргэд, хүүхдийн эцэг эх, хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд уншина. Тиймээс үүнд хүүхдийн эрхийн асуудлыг тодорхой нарийвчлалтай зохицуулж өгөх нь зүйтэй.

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …