“Монгол хүн л юм бол” хөдөлгөөнөөс өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хөдөлгөөний гишүүд удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд сонгогчид идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриаллаа. Тэдний зүгээс Сонгуулийн ерөнхий хороо сонгогчидын санал өгөх тал дээр анхаарал хандуулахгүй муу ажиллаж байна хэмээн үзэж буй ажээ. СЕХ хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Сонгуульд идэвхтэй оролцоорой” гэснээс өөр хийсэн ажилгүй сууж байна. Гэтэл бодит байдал дээр залуус сонгуульд оролцох идэвх сул байна, энэ асуудалд анхаарч ажиллах, сонгууль өгөх нөхцөл бололцоог нь хангаж ажиллах ёстойг онцоллоо. Ойролцоогоор нэг сонгогчид сонгуульд нь зориулж 30 мянган төгрөг улсын төсвөөс гаргаж байгаа нь маш их хөрөнгийг сонгуульд зарцуулж байгаа гэж байлаа.
“Монгол хүн л юм бол” хөдөлгөөний гишүүн Ц.Мөнхбаатар “Сонгуульд иргэдийг идэвхтэй оролцуулахад хоёр асуудалд анхаармаар байна. Өмнөх сонгуулиудын ирцээс харахад залуусын санал өгөх идэвх улам суларсан байна. 20-35 насны залуучуудаас 10 хүн тутмын 2-3-хан л санал өгсөн дүнтэй байгаа. Залуус өөрсдөө саналаа өгөхгүй байж, сонгуулийн үйл явцыг шүүмжилдэг, ялалт байгуулсан нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрөхгүй байх гэх мэт асуудал гаргадаг нь байж болохгүй зүйл юм.
Хоёрдугаарт хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгогчидыг санал өгөхийг уриалах, СЕХ энэ асуудалд чиглэл өгч ажилламаар байна” гэсэн юм.
Мөн орон нутгаас нийслэлд сурч буй оюутны санал өгөх асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажилламаар байна. Хөдөөгийн оюутнууд санал өгөхийн төлөө нутагруугаа явах боломж тэр бүр байхгүй. Тиймээс Монгол Улсын иргэн л бол хаанаас ч санал өгдөг байхаар зохицуулалт хийх шаардлага байгааг талаар санал гаргаж СЕХ-нд хүргүүлж буй ажээ.
Т.Түвшин
Ugluu.mn