Дархан-Уулын давуу эрхтэй сайтууд цаасан хэвлэлийг булшилж байна
Дархан-Уул аймгийн төр захиргааны байгууллагууд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах боломжийг сайжруулах шаардлага хэрэгцээнд дөрөөлөн өөрсдийн эрх мэдлийг ашиглан өнгөлөн далдлалт хийсэн хэвлэл мэдээллийн нууц байгууллагыг бий болгодог болжээ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглож, төрөөс олон нийтийн мэдээлэлд хяналт буюу цензур тавихгүй байхаар заасан байдаг.
Гэтэл Дархан-Уул аймгийн ЗДТГ нь дэргэдээ Мэдээлэл технолгийн алба гэгчийг байгуулан жилд 54 сая 407.3 мянган төгрөгийг үр ашиггүй шахам урсгаж байна. Тус алба нь төсвийн мөнгөөр www.e-darkhan.com хэмээх цахим сонинг эрхлэн хөтөлдөг.
Үүнтэй барьцан өрсөлдөж байгаа мэт аймгийн ИТХ болон Иргэний танхим ньwww.Darkhanith.com цахим сонин гаргаж байгаа бол Дархан сумын ЗДТГ ньwww.Darkhan.mn сайтыг ажиллуулах болсон.
Тэд 1993 онд батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг баримтлан төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгосон бололтой.
Энэ хуулийн 34 дүгээр зүйлд “Хот радио, телевиз, сонин, сэтгүүлтэй байж болно” хэмээн дурьдсан нь бий. Тиймээс л аймаг, сумын Засаг дарга нар иргэдэд төрийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэж байна гэдэг халхавч зүүнсэн хэрэг.
Харин Дархан бол хот биш. Аймгийн статустай. Тэгэхээр дээрх хуулийн заалт аймагт бол хэрэгжих боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Түүгээр ч зогсохгүй төрийн байгууллагын мэдэлд байгаа эдгээр сайтад редакцийн хараат бус байдлыг баталгаажуулсан зохицуулалт байдаггүй. Ажиллаж буй сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө нь зөрчигдсөөр байгаа юм. Сэтгүүлч гэсэн нэрээ төрийн албан хаагч гэгчээр халхавчлан даргын үүрэг даалгавар, дарамт шахалтан дор эрх чөлөөгөө хасуулан ажиллаж байна.
Тиймээс эдгээр сайтууд нь төрөөс санхүүжиж, харьяалагдаж байгаа хэвлэл мэдээллийн “далд” байгууллага болж аймаг, сумын дарга нарын болон төр захиргааны байгууллагуудын ажил үйлчилгээг сурталчлах үүргийг хүлээж байгаа юм.
Түүнчлэн мэдээллийн дээрх хэрэгслийг үзэл суртал, бизнесийн нууц сурталчилгаа, нөлөөллийн далд хэрэгсэл болгон ашиглаж байна гэж хардах үндэслэл илэрхий байдаг.
Учир нь төрийн мэдэлд байгаа давуу эрх бүхий цахим сайтууд нь монопол байдлаа ашиглан арилжааны телевизүүдээс бусад чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох цаасан хэвлэл буюу сонин, сэтгүүл, “FM” радио, цахим сайтуудын чөлөөтэй ажиллах, оршин тогтнох орон зайг хумих шалтгаан болоод байгаа юм.
Хатуухан хэлбэл төрийн мэдлийн давуу эрхтэй сайтууд нь Дархан-Уул аймагт цаасан сонин, сэтгүүлийн нэр хүнд, ач холбогдлыг үгүй хийж, булшилж байна.
Хэдий цахим эрин үе хэмээн цахим мэдээллийн хэрэгслийн ач холбогдлыг өндөр үнэлж байгаа ч төрийн мэдлийн монопол эрхтэй байгууллага байж таарахгүй.
Төрөөс санхүүждэг цахим сайтууд байх нь зөв үү буруу юу гэдгийг хууль журмаа баримтлан бодолцох хэрэгтэй болов уу. Угтаа бол Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг үгүйсгэн, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн алдаатай заалтыг мөрдлөгө болгож байгаа нь дээрх хоёр хуулийг харшилдуулан ашиглаж боломгүй санагдана.
Шударга өрсөлдөөний хуульд “Татвар төлөгч иргэдийн мөнгөөр дарга нарын хийсэн ажлыг магтан дуулсан сурталчилгаа хийж болохгүй” гэж заасан байдаг.
Гэтэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Шударга өрсөлдөөний тухай хуулиудыг зөрчин төрөөс санхүүжиж байгаа хэвлэл мэдээллийн нууц байгууллага болсон дээрх сайтууд хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагуудыг залгих аймшигт том мангас болон хувирчээ.