Хөшигийн хөндийд барих олон улсын нисэх буудлын ажил эхэллээ

Долоон жил гаруй яригдсан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд барих олон улсын нисэх буудлын төсөл хэрэгжих шатандаа орлоо. Монголын агаарын тээврийн салбарыг олон улсад өрсөлдөхуйц хэмжээнд хүргэх нисэхийн шинэ буудлыг 2016 онд ашиглалтад оруулна.

Өнөөгийн Чингис хаан нисэх буудалд жилд сая гаруй хүн зорчдог бол энэ буудал жилд 3 сая зорчигч хүлээн авна. Мөн цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран хоёр талдаа буух, хөөрөх зурвастай тул 24 цагийн турш онгоц хүлээж авна. Цаашид өргөтгөх боломжтой бөгөөд Монголын тал нутаг дахь Европ Азийг холбосон төв болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаанд оролцохдоо хэллээ. Тэрээр энэ төсөл Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болно. Японы Ерөнхий сайд өнгөрсөн гуравдугаар сард манайд айлчлах үеэр энэ төслийн ажлыг яаралтай эхлүүлэх нь зүйтэй гэдэгт Засгийн газрууд санал нэгдсэн гэдгийг дурдаад Япон Улсын Засгийн газар, тус улсаас манай улсад суугаа Элчин сайд болон энэхүү төслийг ажил хэрэг болоход дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийллээ.

 

Япон Улсын Засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэхэд жилийн 0,2 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай 28 тэрбум 807 сая иенийн зээл олгох гэрээ байгуулсныг УИХ дэмжсэн юм.

Шинэ нисэх буудал баригдсанаар 100 мянга орчим хүн амтай дагуул хот шинээр бий болж, Улаанбаатар хотын төвлөрийг сааруулна. Мөн 3000 гаруй тогтмол ажлын байр бий болох бөгөөд Монголыг дэлхий ертөнцтэй, дэлхий ертөнцийг Монголтой холбох агаарын чухал боомт болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …