5.4 тэрбумыг хогний уутанд зарцуулахын оронд Хүүхдийн эмнэлэг барья

Хогны уутанд зарцуулах мөнгөөр хүүхдийн эмнэлэг барья

 download (2)

Нийслэлийн агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрснээс хүүхэд  өвчлөх нь элбэг болсон.

Нэг хэсэгт нь эм тариа, мөнгө төгрөг зайлшгүй шаар­дагдаад үхэх гэж бай­хад, тодорхой  хэсэг  бүлэг нөхдүүд дэмий зүйлд мөн­гө урсгаад байх юм. “Хүүхдийн эмнэлэг барья” гэдэг асуу­дал мөн ч олон жил яриг­даж байгаа. Гэвч үүнд зарцуулах мөнгийг засаг төр одоог хүртэл төсөвлөхгүй л байгаа. Гэтэл нийслэлд хүүхэд өвдөхөд хүлээж авах эмнэлэг олдохгүй, олдсон ч  бөгс эргэх зайгүй шахам өрөөнд чихэлдэх, эмнэлгийн хонгил бараадахаас өөр аргагүй болдог.

Үндэсний статистикийн хо­рооноос гаргасан мэдээл­лээр энэ оны эхний хоёр сарын байдлаар 12 мянга 897 эх амаржиж, 12 мянга 972 хүүхэд эсэн мэнд бойжиж байна. Хоёрхон сарын  до­тор  Монголын хүн ам 13 мянга орчмоор нэмэгдэж буйг хар ухаанаар тооцож үзвэл энэ хэрээр эмнэлэг, сур­гууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэх шаардлага зүй ёсоор гарч ирнэ гэсэн үг. Гэ­тэл нийслэлийн хэм­жээнд сүүлийн 20-иод  жилд  дорви­той томоохон эмнэлэг нэг ч баригдсангүй.

Үнэхээр мөнгөгүй болоод эмнэ­лэг сургуулиа барьж чадах­гүй   байна уу гэвэл үгүй  болол­той.

Өөрөөр хэл­бэл онцын шаард­­лагагүй зүйлд  хайран мөн­гийг хог­той хамт хийс­гэсээр л байна. Тухайлбал өнгөр­сөн оноос  хогны уут үнэгүй тараах, талбай ойр орчмын гэрэлтүүлгийг солиход тус бүрт нь гурван тэрбум төгрөг төсөвлөж зарцуулсан.

Энэ жил мөн хогны уутыг үнэгүй тараахад зориулж хам­гийн багадаа 5.4 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарч бай­на. “Азийн цагаан дагина” нэртэй ногоон уутны өөрийн өртөг нь 95 төгрөг. Ингээд нэг айлд сард 15 ширхэг уут өгнө гэж бодохоор нийслэлийн 317 мян­ган өрхийн жилийн хэрэгцээг хангахын тулд хамгийн багадаа 5.4 тэрбум төгрөгийг хогны уу­танд зарцуулахаар байгаа юм.

Нийс­лэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирд­лагын хэлт­сийн дарга Т.Батбаяр айл өрхүүдэд тарааж буй уг уутыг одоогийнхоос зузаан, бариултай болгох талаар ярьж байсан. Хэрвээ энэхүү уут дахиад шинэчлэгдвэл ард түмний ха­лааснаас хуримтлуулсан төс­вийн мөнгөний хий хоосон зар­лага улам л нэмэгдэнэ гэсэн үг.

Хогны уут тарааж соёлтой хэрэглээнд шилжих ажил эх­лүүлж байгаа нь зөв ч төсвөөс ийм их мөнгө зарцуулж буйг иргэд их шүүмжилдэг. Энэ нь нөгөө 5.4 тэрбум төгрөг гарлагадаж байгаа “Азийн ца­гаан дагина” уут нь үнэн хэ­рэг дээрээ айл өрхүүдэд тарааг­далгүй то­моохон худалдааны төв, захуудад  100-200  төгрөгөөр  за­раг­даж байгаатай холбоотой.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Хархорин, Баянзүрх дүүргийн “АСАЙТ” худалдааны тө­вүүдэд “Азийн цагаан да­гина” уутыг нэг ширхэгийг нь 100 төгрөгөөр борлуулж   байсан  юм.

Энэ талаар бид нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэст мэдэг­дэхэд “Манай зүгээс айл өрхүүдийнхээ тоогоор уутаа захиалаад нийлүүлж байгаа. Харин тараах асуудлыг дүүрэг хариуцаж байгаа” гэсэн юм.

Ингээд бидний мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтнүүд “АСАЙТ” ху­далдааны төвийн гялгар уут бөөндөж худалдаалдаг иргэнтэй уулзсан. Худалдагчийн хэлж байгаагаар иргэд өөрсдөө авч ирдэг аж. Иргэдээс авсан үнэ дээрээ цөөхөн хэдэн төгрөг нэмээд худалдаалж байгаагаа хэлсэн. Харин дүүргээс очсон мэргэ­­жилтнүүд нийслэлээс та­рааж буй хогны уутыг хурааж аваад сануулга өгөөд орхисон аж. Энэ нь иргэд үнэгүй тарааж буй уутыг зориулалтынх нь да­гуу ашиглахгүйгээр мөнгө бол­гож харж байгаагийн ил­рэл. Нөгөө талаасаа төр хэнд ч хэрэг­гүй зүйлд их хэмжээний мөнгө зарцуулж байна гэсэн үг.

Дүүрэг бүрт хүүхдийн эмнэлэгтэй болъё

Хамгийн гол нь хүүхдийн эмнэлэг барихад нэг ч төгрөг төсөвлөхгүй байгаа төр засгийн байгууллагуудыг ойлгохгүй юм. Монгол Улсын төсвийн хөрөн­гөөр 2014 онд хэрэгжүүлэх хө­рөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга бай­гууламжийн жагсаалтад Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг барих талаар ганц ч төгрөг төсөвлөөгүй байгаа юм.

Энэ талаар ЭМЯ-ны Барилга захиалгын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газраас тод­руу­лахад  хүүхдийн  эмнэлэг шинээр барих талаар яригдаж байгаа ч зураг төсөв нь хийгдээд төсөвт тусгагдсан зүйл байхгүйг хэлж байсан юм.

Монголд хүүхдийн томоохон клиник эмнэлэг байдаггүй гэхэд болно. Гэтэл манай төр засгийнхны санаачлаагүй аж­лыг Ажиа гэ­гээнтэн сэдэж, хандив цуг­луулан цусны хавдартай хүүхдийн эмнэлэг барьж, үүдээ нээхэд тун ойрхон байгаа. Энэхүү нүдээ олсон хөрөнгө оруулалтыг амтай бүхэн магтаж суу­гаа. Өөрөөр хэлбэл нийслэлд хүүх­дийн эмнэлэг ус агаар мэт хэрэгтэй байна.

Нийслэлийн агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрснээс хүүхэд  өвчлөх нь элбэг болсон. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудалтай хамт эмнэлгийн асуудлыг нэн яа­ралтай хэлэлцэх нь зүйтэй. Эм­нэлэг барина гэхээр л хэдэн арван тасагтай хэдэн зуун хүү­хэд  хүлээн  авах  ортой байх ал­багүй.  Ядаж харьяа дүүрэгтээ 50-100 хүүхдийн ортой  эмнэлэг барьчихад төсөвт нэг их дарамт учруулахгүйг албаны хүмүүс хэлдэг. Эх орны ирээдүйн эзэд болсон үр хүүхдэдээ санаа тавих сэтгэл нь дутаад байгаа учир гар татаад байгааг хэлэх хэрэгтэй байх. Товчхон бөгөөд хатуухан хэлэхэд хогны уутанд 5.4 тэрбум төгрөг хийсгэж байхаар зогсоож, хүүх­­дийн эмнэлэг барихад зар­цуулъя.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …