“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байгаа юм. Олон улсын бөөр судлаачдын нийгэмлэгээс анхлан санаачилсан эл өдрийг дэлхий нийт 2006 оноос, харин манай улс 2009 оноос тэмдэглэх болсон юм. Харин энэ өдрийг тохиолдуулан Улсын Клиникийн төв эмнэлэгт өнөөдөр иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулж байгаа юм.
Тус эмнэлэг энгийн өдөр хоногт 100 орчим иргэнд үйлчилдэг аж. Харин өнөөдөр өглөө 09.00 цагийн үед 113 хүн ирж, оочерложээ. Уг нь 13,00 цагаас үзлэгээ эхлүүлнэ гэж зар тараасан ч иргэд өглөө 07,30 цагт ирж оочер дараалал үүсгэсэн байна. Улсын Клиникийн төв эмнэлэгт нийт 11 бөөрний эмч ажилладаг бөгөөд өнөөдөр тэд бүрэн бүрэлдэхүүнээр иргэдэд үйлчилж байгаа аж. Клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний тасгийн их эмч, анагаах ухааны доктор Г.Ганхуяг “Бөөрний дэлхийн өдрийг энэ жил зургаа дахь жилдээ тэмдэглэж байна. Бид өчигдөр зар тавьсан. Өглөөнөөс хойш иргэдэд үйлчлээд одоогийн байдлаар 50 гаруй иргэнд үйлчилчихээд байна. Гадаа одоо 120 орчим хүн нэрээ бичүүлчихсэн байгаа. Ачаалал бол их байна. Манай эмнэлгийн хувьд нийт 11 бөөрний эмч ажиллаж байна даа” хэмээн ярьлаа.
Эрүүл мэндийн яамны статистик мэдээнээс харахад манай улсын нас баралтын шалтгааны эхний таван байрт бөөрний өвчин ордог байна. Мөн өвчлөлийн эхний гурван байрт бөөр, шээсний замын өвчин оржээ. Харин Клиникийн нэгдүгээр төв эмнэлгээс өнгөрсөн жил арван тэргүүлэх өвчин гэж гаргасан аж. Үүнд бөөрний өвчний хоёр шинж тэмдэг орсон байна. Нэгдүгээрт бөөр, шээсний замын халдвар, хоёрдугаарт бөөрний архаг дутагдал оржээ.
Харин бөөрөө үзүүлэхээр оочерлосон иргэд их бухимдангуй байв. “Зохион байгуулалт муутай байна” хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байсан юм. Бөөрөө үзүүлэхээр оочерлож буй нэгэн буурай “Бөөрний өвчлөл нэмэгдэж байгаа нь дулаан хувцаслахгүй байгаагаас л үүдэлтэй гэж бодож байна. Сайн дулаалах л хэрэгтэй. Дороосоо дулаан явах нь л их чухал юм. Би залуудаа их нимгэн хувцасладаг байлаа. Одоо тэрэндээ харамсаад л явж байна даа” хэмээн дулаан хувцаслахыг залууст захисан юм.
Д.Амар
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
