Бүхнийг төрийн мэдэлд, АСА- циркийг О.Магнайгийн мэдэлд …

VSАрдчилал нэрийн дор   өмч  бүхнийг төр засаг  мэдэлдээ авахаар улайрах нь  хөгжил биш ухралт /Онч үгсээс…/

 Асашёорюү Д.Дагвадорж гэр бүлийнхэнтэйгээ Монголын үндэсний циркийг хувьчилж авснаас хойш зургаан жил өнгөрчээ. Өнгөрсөн эл хугацаанд тэд  дорвитой уран бүтээл хийгээгүй гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна.

Энэ асуудлын хүрээнд АСА циркт  ШӨХТГ-аас шалгалт хийж,  шалгалтын үр дүнд  тус газрын дарга О.Магнай циркийн байрыг зориулалтаар нь ашиглаж байсныг илчлэн тогтоож, 2015 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд циркийн үйл ажиллагааг сэргээх шаардлага АСА циркийн удирдлагуудад  хүргүүлжээ. Тус  шаардлагыг биелүүлэхгүй бол Монголын үндэсний циркийн менежментийн хувьчлалын гэрээг хүчингүйд тооцуулж, төр өмчөө эргүүлэн авна гэсэн хатуухан сануулга өгсөн ажээ.

О.Магнай дарга үе үехэн олны анхаарал татсан мэдэгдэл хйиж, хэвлэлийн баатар болохдоо гарамгай, бас сурамгай нэгэн. Энэ удаа түүний “бай нь” АСА цирк байлаа.

Ардчилсан төр иргэнээ дээдэлж, өмчийн эзнийг хамгаалж,  татвар төлөгчдийг дэмждэг атал харин манай улсын төр засгийн байгууллагууд  тэдэнд дарамт үзүүлж  хална, солино, хураана, эргүүлэн авна, булаана гэх нь ихэдлээ.

Энд циркийн үйл ажиллагаа сул, дорвитой уран бүтээл гаргаагүй тухай ярихыг чухалчилсангүй. Үнэндээ Монгол циркэд асуудал байгаа нь үнэн.

Гэхдээ төр засаг урлагийн  нэгэн төрөл болсон циркийн салбараа  “бутач” хүүхэд мэт хөсөр орхисон. Хэдэн жилийн өмнө улсын цирк гэж  сургуультай  мал амьтадын шивэр шивтэр, үс ноос  үнэртсэн,  эвдэрч муудсан сандал суудалтай циркийг Аса аварга гэр бүлийнхэнтэйгээ нийлэн тодорхой хөрөнгө гарган хувьчилж авсан ажээ. Циркийг зориулалтын дагуу ашиглах ёстойг түүнийг хувьчлах үед хийгдсэн  төрийн өмчийн тогтоолд  тусгагдсан юм байна. Энэ  тогтоол  өнөөдөр О.Магнай даргын АСА циркийнхнийг буруутгаж байгаа гол нөхцөл болжээ. Тэрээр  АСА цирк  холбогдох  дүрэм журмыг  зөрчсөн гэдгээ дараах 5 үндэслэлээр тодруулжээ. Тэгвэл эдгээр баримт бүрийн хойно түүнтэй нь холбогдуулан дараах энгийн тайлбарыг өгч болмоор санагдлаа.

  1. 1.     “Улсын циркийн төрийн өмчит төсөвт байгууллага байсан. Одоо бол хувьчлагдсан”  – Төрийн бодлого шийдвэр залгамж чанартай байх ёстой гэдэг. 2008 оны 7 сард ТӨХ-ны дарга Д.Сугарын гарын үсэгтэй, тухайн үедээ 1.5 тэрбум төгрөгийг засаг төрд төлж хувьчлан авсан тогтоол шийдвэрийг О.Магнай дарга “буруу шийдвэр байсан” гэж хэлэх гээд байх шиг байна. Өөрөөр хэлбэл О.Магнай дарга циркийн барилгыг  Д.Дагвадорж тэргүүтэй тэдний гэр бүлээс “боловсон  аргаар буцаагаад төр засаг дээрэмдээд” авчих хүсэл сонирхолтой байгаа мэт харагдаж байна.  Энэ тухай тэрээр:  “Ер нь үйл ажиллагааг дордуулсан тохиолдолд гэрээг цуцлах, хувьчлалыг буцаах бүрэн үндэслэлтэй. Ямар ч байсан зөрчлөө арилгах 9 сарын хугацаа өгсөн. Тэгэхээр энэ зун цирк яаж ажиллах вэ гэдгээс бүх зүйл шалтгаална” хэмээн ил цагаан хэлээд авсан байх юм.

Ер нь ингэж байхаар АН нэгмөсөн   О.Магнай тэргүүтэй хурган дарга нараар   хувийн  өмч хөрөнгийг бүгдийг  хураалгаад эргээд коммунизмыг сэргээн  байгуулчихвал яасан юм бэ?

2.  Эзэмшил газар нь 35666 метр квадрат байсан бол өдгөө 24269 метр квадрат болсон. Үлдсэн газар хаачсан гэдэг нь тодорхойгүй” – 100 хувь  өөрөө зардалаа тодорхойлж, төр засгийн зүгээс элдэв татаас дэмжлэг авахгүй байгаа хувийн хэвшлийнхэн зардалаа нөхөх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зориулан зарим өөрийн эзэмшлийн зарим талбайг түрээслэх, гэрээгээр түр шилжүүлэх гэх мэтийн эдийн засгийн эргэлтэнд  эзэмшлийн газраа оруулах нь О.Магнай даргын хувьд байж болохгүй буруу зүйл үү?

3.  “Ажилчдын тоо  136 байсан ч 61 болж буурсан” – О.Магнай даргынхаар бол  циркийг хүн үзэх, эс үзэх, орлого олох эс олохоос   үл хамааран 2008  хувьчлагдахаас өмнө ажиллаж байсан 136 ажилтныг АСА циркийнхэн заавал цалинжуулаад ажиллах ёстой байсан юм болов уу

4. Барилга байгууламжынх нь хэмжээ 7823 метр квадрат байсан бол 3000 метр квадратаар хасагдаж 4823 болсон” – хувийн хэвшлийн гол зорилго бол ашиг олох явдал. Гэхдээ АСА циркийнхэний ярьж байгаагаар бол тэд зөвхөн ашигийн төлөө биш,  бас циркийн жүжигчдийг хөгжүүлэх, сургах, тоглолт арга хэмжээ зохион байгуулах гэх мэтийн үйл хэрэгт тодорхой зардал гарган ажилладаг байсан гэнэ.

5. “Хамгийн харамсалтай нь сургуулилттай 41 амьтан хүлээлгэн өгсөн ч одоо “ор сураггүй”- гэжээ. О.Магнай дарга  та ахлах ангид байхдаа  биологийн хичээлдээ ямар сурч байсан вэ? Амьтад хэд насладаг тухай та бодож үзсэн үү? 2008 онд “амьд” байсан сургуулилттай  41 амьтаны хэд нь хэдэн настай байсныг  та мэдэх юм биш биз.

О.Магнай даргын тайлбарын эсрэг АСА циркийнхэн хэвлэлийн хурал хийлгэсэн. Энэ хурлын үеэр  Асашёорюү Д.Дагвадорж нэлээд бухимдангуй ярьсан нь олны дургүйцлийг төрүүлсэн байж магадгүй. Гэхдээ тэрээр аль ч  хувийн хэвшлийнхэнд тулгардаг бэрхшээлийн тухай ярина билээ. Төр засаг тодорхой салбараа бодлогийн хувьд дэмжиж, хамтран ажиллаж өргөхийн оронд  хураана, хаана , бооно гэхлээр хэн ч гэсэн бухимдах нь зүйн хэрэг биз дээ.

Асашёорюү Д.Дагвадорж:   “Цирк анх ямар байсныг санах хэрэгтэй. Тулгандаа цоггүй л байсан даа. Ямар юм аваад, ямархуу хэмжээнд хөрөнгө оруулсан бэ гэдгийг бас бодолцох ёстой. Тэрнээс биш худлаа дайралтыг хүлээн зөвшөөрөхгүй. Шалгаж үздэг газарт нь бүгдийг үзүүлж, харуулсан. Цаашид бид циркээ  ч тоглуулна, урлаг уран сайхны бүхий л үйлчилгээгээ  хийнэ. Дан ганц циркээр зардлаа нөхнө гэж байхгүй. Дулаан, цахилгаан, ажилтнуудын цалин гээд сарын зардал нь өндөр. Сайн бодох хэрэгтэй. Олон жилийн түүхтэй циркийг нураана гэсэн сэтгэл надад лав байхгүй гэдгийг хэлчихье” хэмээн Твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна билээ.

Хэрвээ АСА циркийн хувьчлалыг төр хүчингүй болгож  төрийн өмчөөр эргүүлэн авах тухай ярихдаа хүрэх юм бол  хуучнаар Ард кино театр буюу одоогийн Хас банкны барилга, хүүхэлдэйн театр буюу одоогийн ХААН банкны төв гэх зэрэг  төрийн барилгуудын  хувьчлалын асуудлыг ч сөхөж ярих хэрэгтэй.

А.Галт

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …