Эрдэнэт хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал Улаарбаатар хотод очиж Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр баригдаж буй орон сууцтай танилцсан байна.
7 дугаар хороололд нийт 18.14 га талбай чөлөөтэй байгаа. Үүний 3.24 га- д эхний ээлжинд 300 айлын орон сууц барина. Энэ газар 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр “Набсан” ХХК гадна цэвэр усны хангамжийн 1592 м, дулаан хангамжийн 1300 м шугам, цахилгааны 4 дэд өртөөг байгуулсан юм. Үүнийг түшиглэж орон сууц барих бөгөөд одоогийн байдлаар “Орхон их бүтээн байгуулалт” консерциум барихаар төлөвлөж байна.
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргасан судалгаагаар Орхон аймагт 2000 онд 65713 хүн амтай байсны 58,4 хувь нь орон сууцанд, 2005 онд хүн амын тоо 78936 болоход орон сууцанд амьдрагсдын хувь 45,9 болжээ. 2013 онд 97367 хүн амтай болсон ч орон сууцанд амьдрагсдын хувь ердөө 38 байжээ. Нийт хүн амын 60 хувь нь гэр хороололд, 6 хувь нь амины орон сууцанд, 7 хувь нь шинэ орон сууцанд, 27 хувь нь хуучин орон сууцанд амьдарч байна гэсэн судалгаа байна.
Гэхдээ сүүлийн үед тус аймагт орон сууцны барилгажилт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Эрдэнэт хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу 1а, 2а, 7, 7а хороолол, Өнөр, Залуус хотхон, Төгөл хороололд нийт 11000 айлын орон сууц ашиглалтад орно. Үүний нэг нь 7 дугаар хороололд Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр 1000 айлын орон сууц барих бөгөөд эхний 300 айлын ажил энэ оны 4 дүгээр сарын 1-ээс эхэлнэ. Энэ барилга нь Улаанбаатар хотын Буянт ухаа 1 хорооллын жишгээр баригдана. Тухайлбал, 9 давхар байх бөгөөд нэг м.кв нь 1 сая 280 мянган төгрөг байх ёстой гэнэ.
Б.Ганбямба
Эх сурвалж: erdenetinfo.mn