Монгол-Английн санхүү, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг 9-р сард Лондон хотод болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол-Английн Худалдааны танхимийн захирал ноён Жон Гроганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н.Тулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч Э.Анар болон холбогдох албаныхан оролцсон юм.
Уулзалтын эхэнд Монгол-Английн Худалдааны танхимийн захирал ноён Жон Гроган “Хүлээн авч уулзаж буй нийслэлийн Засаг дарга болон бусад албаныханд талархал илэрхийлье. Монгол-Английн худалдааны танхим энэ оны 9-р сард хөрөнгө оруулалт, эдийн засгийн томоохон хэлэлцүүлгийг Лондон хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгээр нягтлан бодох бүртгэлийг Олон Улсын хэмжээнд хүргэх,  Олон Улсын хууль тогтоомжийн уялдаа холбоог үүсгэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх зэрэг асуудлаар ярилцана. Мөн Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын Захиргаатай хувийн хэвшлийнхэн хэрхэн хамтран ажиллах талаар талуудын төлөөлөл хэлэлцэхээр төлөвлөж байгаа” гээд тус хэлэлцүүлэгт нийслэлээс оролцохыг урьсан юм.  Мөн удахгүй гаргахаар төлөвлөж буй Улаанбаатар хотын бондын асуудал ямар шатанд байгаа талаар мэдээлэл авахыг хүслээ.
Нийслэлийн бондын талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хот бонд гаргах бэлтгэлээ бүтэн жил хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бонд гаргахад шаардлагатай  зээлжих зэрэглэлийг тогтоох, өрийн удирдлагын менежментийн ажлыг үндсэндээ хийж дуусаад, нийслэлийн ИТХ-ын 4-р сарын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болоод байна. Хуралдаанаар баталсны дараа Монгол Улсын Засгийн газарт өргөн барина” гэсэн мэдээллийг өглөө. Нийслэл 370 орчим тэрбум төгрөгийн нэг удаагийн бонд гаргахаар төлөвлөж байгаа юм.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга “9-р сард болох хэлэлцүүлэгт би өөрийн биеэр очиж оролцоно. Цаашдаа хөрөнгө оруулалт, бонд гаргах ажилд та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийлсэн юм. Хамтын ажиллагааны хүрээнд талууд шат дараатай уулзалтуудыг зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …