Монголын ард иргэдийн анхаарлыг татаж, ихээхэн хүлээлт үүсгэж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр багтаажээ. Нэр бүхий 24 гишүүний өргөн барьсан дээрх хуулийн төсөл найман сар хүлээлгэсний эцэст ийнхүү хэлэлцэгдэхээр болж байна. Гэхдээ хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаах эсэх шийдвэрийг мэдээж УИХ эцэслэн шийдвэрлэх юм.
Хууль батлагдсанаар гарах хамгийн том үр дүн нь хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн 3000 орчим хоригдол өршөөгдөж, эрх чөлөөтэй болох юм. Үүнд, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон болон насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс багтах бөгөөд тэдний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөх аж.
Гэхдээ батлагдах эсэх нь тун эргэлзээтэй байгаа. Шалтгаан нь олон мянган гэмт хэрэгтнийг нийгэмд гаргаж, эмх замбараагүй байдал үүсгэх нь гэсэн иргэдийн айдас болон зарим УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлюм.Ингэж айдас, эсэргүүцэл үүсгэсэн нь үндэслэлтэй. Тодруулбал, хуулийн төслийг эсэргүүцэж байгаа хэсэг нь 2009 онд гаргасан Өршөөлийн хуультай харьцуулсан жишээг тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, 2009 онд батлагдсан хуулиар тодорхой тооны ялтныг өршөөлд хамруулж сулласан. Харамсалтай нь тэдгээр өршөөгдсөн хоригдлуудаас цөөн хэд нь шоронгоос гарсан даруйдаа болон хэсэг хугацааны дараа дахин гэмт хэрэг үйлдэж цагдаагийн байгууллагад баригдан, улмаар эргээд “аавын” хаалга татсан байдаг.
Нөгөө талдаа хууль батлах шаардлагатай гэдгийг ч өөр өнцгөөс ярих хүн цөөнгүй байна. Жишээлбэл УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар ““Ер нь бол хүний эрхийн салбарын том дэвшил шүү дээ. Мэдээж хоригдож байгаа хүмүүс дотор алдсан хүмүүс бий, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ч бий, мөн хилсээр юм уу хуулийн байгууллагын алдаанаас болж хоригдсон хүмүүс ч бий. Жишээлбэл, өмнө нь Баянзүрх дүүргийн нэгэн шүүгч албан газрын даргын гаргасан мэдэгдлийг авч хэлэлцээд бусдыг гүтгэсэн гэж үзэж байх жишээтэй. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд, ялангуяа улстөржсөн, талцсан үед бусдыг хилсээр гүтгэх, хилсээр ял оногдуулж хэлмэгдүүлэх асуудал багагүй байна” гэв. Тэгэхээр буруугүй атлаа хилсээр ял эдэлж байгаа хүмүүс ч бий гэдгийг үгүйсгэхийн аргагүй юм.
Түүнээс гадна татвар төлөгчдийн мөнгөнөөс зөвхөн өршөөлд хамрагдах дээрх хүмүүст зориулан жилд 15-20 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн судалгаа бий бөгөөд ихэнх нь хөдөлмөрийн насны залуучууд байгаа гэдгийг ч тооцжээ.
Тэгэхээр эдийн засгийн хувьд ч тэдгээр залуусыг уул уурхай, зам, барилгын бүтээн байгуулалтад оролцуулах боломжтой аж.
Нэмж хэлэхэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин авлига, албан тушаалтны хэргээр ял эдэлж байгаа хүмүүст өршөөл үзүүлмээргүй байгаагаа хэлж, хуулийн төсөлд өгсөн саналдаа тусгасан. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн нэрээр албан тушаалтны болон авлигын хэргээр ял эдэлж буй хүмүүс гарч ирэх нь эргээд нийгэмд сөрөг үр нөлөө үзүүлнэ гэж харсан гэх. Мөн охид, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэж, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөлийн хууль үйлчлэхгүй байх нь зөв хэмээн ард түмэн харж байна.