Эрүүл мэндийн яам эхний ээлжинд цусны даралт өвчнийг бууруулах зорилт тавьжээ

333“Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт” өчигдөр АСА циркийн байранд боллоо. Чуулга уулзалтын эхэнд  Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэнд цугласан 800 гаруй иргэдийн төлөөлөлд төрөөс эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого болоод ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан юм. Чуулганд  УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар оролцсон юм. Өнөөдөр манай улсын хэмжээнд 2752 байгууллагын 45 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн манаанд зогсдог ажээ. 2013 оны хувьд сүүлийн 23 жилд Монголын хүн амын цэвэр өсөлт хамгийн өндөр гарсан жил гэдгийг сайд онцлов. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд хамгийн олон хүүхэд мэндэлж, нас баралт бага байжээ. Хүн амын эрүүл мэндийн байдлыг наслалт, өвчлөл, эрүүл мэндийн сөрөг нөлөө гэсэн үзүүлэлтээр хэмждэг бөгөөд энэ оноос эхлэн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарна гэдгийг мөн хэлж байлаа.

Монголчууд дундаж наслалтаараа дэлхийд 153 дугаар байрт жагссан бөгөөд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65, эмэгтэйчүүдийнх 75 ажээ. Нас баралтын шалтгааны эхний гурван байрт халдварт бус өвчин орж байгаа нь хүн амын дундах эрүүл мэндийн боловсрол ядмаг байгаагийн илэрхийлэл гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд хийжээ. Тиймээс эхний ээлжинд цусны даралт өвчнийг бууруулах, энэ өвчний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ.

Эмнэлгийн анхан, дунд шатны байгууллага бүрт цусны даралт хэмжих автомат аппаратаар хангахын сацуу энэ өвчин юунаас үүддэг, даралт ихэссэн үед ямар арга хэмжээ авах зэрэг анхан шатны ойлголтыг өгөх юм байна. Монголчуудын давсны хэрэглээ бусад улс орныхоос хоёр дахин өндөр, хүн амын дунд илүүдэл жинтэй хүмүүс олширч байгаа, уур стрессээ зөв тайлж, тайтгарч сураагүй гэхчилэн эмч, эмнэлгүүдэд хамааралгүй шалтгаанууд цусны даралт ихсэх өвчинд нөлөөлдөг байна. Үүнийг үр дүнд гэртээ цус харвадаггүй улс болохыг зорьж буй гэнэ. Дараагийн ээлжинд элэгний хавдрыг онцлох ажээ.
Анх удаа иргэдийн дунд өрнөж буй хэлэлцүүлэгт өөрийнхөө болоод гэр бүл, хамт олон, хүрээллийн хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч буй иргэдийн төлөөлөл ирсэн байв. Тэдний тэргүүнд эрүүл мэндийн “Зуундай” бүлгийн төлөөлөл ирсэн байв. Зуундайд ахмад настнууд нэгдсэн байдаг бөгөөд 70-86 насны ахмад настнууд иог, сунгалтын дасгал хийж үзүүлсэн юм.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …