161752 нэр бүхий уйгаржин бичгийн толь үүсгэжээ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээний шинэтгэлд томоохон үүрэг оролцоотой ажиллаж байгаа агентлаг бол Улсын бүртгэлийн ерөнхий газар. Ачаалал өндөртэй, чирэгдэл ихтэйгээрээ ямагт шүүмжлүүлж ирсэн энэ байгууллагын ажилд ямар шинэчлэл хийгдэж, үйлчилгээ нь хэрхэн хөнгөн шуурхай болж байгааг ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар танилцууллаа.

Тус газраас олгодог бүртгэл, лавлагааны бүх баримт бичгийг ТҮЦ машинтай холбосноор иргэд заавал биечлэн ирж үйлчилгээ авах шаардлагагүй болсон юм. Өнгөрсөн хугацаанд 160 мянга гаруй иргэн ТҮЦ машинаар дамжуулан иргэний болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа мэдээллийн үйлчилгээ авсан нь тус байгууллагын ачааллыг ихээр хөнгөвчилжээ. Өнөөдрөөс хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа олголт ТҮЦ машинд нэмэгдсэн ба ингэснээр өмнө нь 3 хоногт гардаг байсан үйлчилгээ ердөө 3 минутад багтдаг бол байна. Бүртгэлийн үйлчилгээг цахимжуулж шат дамжлагагүй, шуурхай болгох ажил цаашид ч үргэлжилнэ.

Хаясан, гээсэн цахим үнэмлэхээ ТҮЦ машин, интернэтээр захиалдаг үйлчилгээг ойрын хугацаанд нэвтрүүлнэ. Энэ ондоо багтааж анхан шатны нэгж болох хорооноос бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг болно. 4 дүгээр сарын 15 гэхэд эхний ээлжинд нийслэлийн 42 хорооноос улсын бүртгэлийн 16 төрлийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Бичиг баримтыг иргэний захиалгын дагуу гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Одоогоор баталгаат шуудангаар дамжуулан гадаад паспортыг хаягаар хүргэж байна, цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг иргэний хүсэлтээр хаягаар нь хүргэдэг болгоно гэж УБЕГ-ын удирдлагууд онцоллоо.

Төрсний болон гэрлэлтийн гэрчилгээнд кирилл, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийдэг болсон нь тус байгууллагын хэрэгжүүлсэн бас нэг шинэ ажил. Энэ ажлын хүрээнд 161752 нэр бүхий уйгаржин бичгийн толь үүсгэсэн байна.

“Энэ мэтчилэнгээр үйлчилгээгээ цахимжуулахад өнгөрсөн онуудад анхаарлаа. Харин энэ онд эрх зүйн дорвитой шинэтгэл хийнэ. Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийн хууль тогтоомжуудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Бүртгэлийн үйлчилгээ цахим байх, бүртгэл хийлгэхэд иргэнээс шаарддаг бичиг баримтын тоог цөөлж үйлчилгээний шат дамжлага, цаг хугацааг багасгах, бүртгэлийн үйлчилгээнд төрийн бус байгууллагын оролцоог нэмэхэд эрх зүйн шинэчлэлийн гол зарчим чиглэсэн” гэж УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …