УИХ-ын гишүүд Филиппин Улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаатай танилцана

69071-14418060УИХ-ын гишүүн Д.Батцогт, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл, Я.Содбаатар болон албаны бусад хүмүүс Филиппин Улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, Эмийн хууль, хүнс эмийн байгууллагын эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалттын тогтолцоотой танилцаж, туршлага судлахаар өнөөдөр тус улсыг зорилоо.

Засгийн газраас “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын төсөл” болон “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт”-ийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж.

Уг төсөлд “Эмийн зохицуулалтын байгууллага”-ыг байгуулах тухай асуудал тусгагдсан бөгөөд УИХ-аар уг төсөл хэлэлцэгдэхийн өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, тус Байнгын хорооны ажлын алба болон ЭМЯ-ны удирдлагууд бусад улс оронд эмийн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцахаар явж байгаа юм.

Монгол Улсад өнгөрсөн 20 жилийн туршид эмийг улсын бүртгэлд бүртгэх, хяналт шалгалт хийх, стандарт тогтоох, эмийн импорт, экспортод хяналт тавих зэрэг зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа.

Филиппин улсын хувьд нэр хүнд бүхий цогц үйл ажиллагаатай эмийн зохицуултын байгууллагатай, ДЭМБ-ын бүсийн төв байрлаж, бүсийн улс орны хамтын ажиллагааг хангадаг юм. Тус улсын эмийн зохицуултын байгууллагын удирдлагын зүгээс Монгол Улсад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Гишүүд эмийн зах зээлийг хянахад төрөөс баримтлах бодлогын үзүүлэх үр нөлөө, эмийн зохицуулалтын агентлаг байгуулах, хяналт тавихад УИХ болон хариуцах яамны үүрэг оролцоо, хүнс эмийн байгууллагын бүтэц, удирдлага зохион байгуулалтын талаар судлах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …