Бие биенээ хайрлая, БУРМААГ БҮХНЭЭС ИЛҮҮ ХАЙРЛАЯ!

EnkhtaivanD“Чингис хааны менежментийн холбоо”-ны тэргүүн Данзанбалжирын Энхтайван хурц дайчин үгээрээ хуудуутай улс төрчдийг үе үе айлгаж, ичээж явдаг нэгэн. Гэхдээ тэр үнэнийг хэлдэг. Тиймээс түүний түс тас үг бусдын зүрх сэтгэлд сум шиг л тусдаг. Иймэрхүү үгнээс нь айж ичсэн улс төрчид түүнийг шизотой энэ тэр гэх мэтээр элдэвлэх нь бий. Яруу найрагч О.Дашбалбар агсаныг амьд ахуйд түүний шулуун шударга үгэнд эгдүүцсэн зарим хүн мөн л шизотой энэ тэр гэж доош нь хийдэг байлаа. Харин бурханы оронд одмогц нь түүнээс өөр шударга хүн байхгүй мэтээр ярьдаг болсон. Энэ бол ааш нь олдож өгдөггүй ертөнц авхайн араншин болой. Эдүгээ О.Дашбалбарын шийрийг хатаахуйц хурц дайчин үгтэй улс төрч өдрийн од шиг цөөхөн болжээ. Тиймээс Монголын улс төр ямар ч сонирхолгүй, дэвшилгүй, их л уйтгартай болчихоод байгаа. Уг нь “Буян”-гийн Жагаа, Л.Гүндалай мэтийн хүмүүс овоо түс тас яриатай байдаг ч сүүлийн үед эд албан тушаал, төсөл тендер горилж явах нь их болсон болоод ч тэр үү, их л “манж” сэтгэлгээтэй болоод байгаа лээ. Ц.Нямдорж, Ж.Батзандан нарын хүмүүс хааяа нэг хурц шүүмж хэлдэг ч намынхаа эрх ашигт амаа боолгох явдал байдаг юм. Харин эднээс гадна хурц шударга үг унагачихдаг Данзанбалжирын Энхтайван байна. Түүний үг чинжүү мэт гашуун мөртлөө цаад хүндээ алсуур тус болохуйц нигууртай байдаг. Саяхан тэрбээр чинжүү мэт гашуун хурц үгээрээ Төрийн ордонд хуралдаж байсан хэдэн эрхэмийг мөн л айлгаж ичээгээд авчээ. Тиймээс тус хурлыг даргалагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нэлээд бухимдаж, удирдиж байсан хурлаа албан хүчээр хаахаас аргагүйд хүрсэн байна. Чухам юу болсон талаар Д.Энхтайвантай цөөн хором ярилцсан юм.
-Та саяхан УИХ-ын гишүүн Р.Бурмааг бүдүүн хадуунаар нь дуудаж гомдоосон юм уу?
-Би үнэнийг л хэлсэн. Юу болсон бэ гэхээр 3-р сарын 18-нд цэргийн баяраар Төрийн ордны иргэний танхимд УИХ-ын эмэгтэй гишүүд, Эрүүл мэндийн сайд Удвал нарыг оролцуулаад “Эрчүүдийн эрүүл мэндийн асуудал” гэдэг сэдвээр хэлэлцүүлэг хийж байсан юм. Мөн тэнд эрэгтэйчүүдийн эмнэлэгийн хоёр гурван эмч эрчүүдийн эрүүл мэндийн талаар ярилцаад сууж байна лээ. Ер нь монголчуудын эрүүл мэндийн талаар ярих гэж гэж байгаа бол заавал эрэгтэй эмэгтэйгээр нь ялгаж салгах хэрэггүй юм л даа. Манайхан цэргийн баяраар эрчүүдийн эрүүл мэндийг яриад, Мартын наймнаар эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг яриад, хүүхдийн баяраар хүүхдийн эрүүл мэндийг яриад байдаг. Энэ бол зүгээр л хийрхэл. Монголчууд бүгдээрээ эрүүл байх ёстой. Эрүүл мэндийнхээ асуудлыг эрэгтэй эмэгтэй гэлтгүйгээр шийдвэрлэх нь чухал байна. Социализмын үед социалист уралдааны болзолыг биелүүлж, лоозун их бичсэнээрээ ажил хийсэн гэж дүгнэгддэг байлаа. Өнөө цагт болохоор хурал зөвлөгөөн олныг л хийж байвал өөрсдийгөө ажил хийсэн гэж үздэг болж. Бас бусдад ажил хийж байгаа юм шиг харагддаг болж. Ер нь бид үр дүнгүй хоосон хурал зөвлөгөөнийг маш их хийж байна л даа. “Эрчүүдийн эрүүл мэндийн асуудал” гэдэг зөвлөгөөн дээр би эхлээд энэ тухай хэлсэн юм. Та бидний зорилго бол иргэнээ, хүн ардаа эрүүл болгох, монгол хүний наслалтыг уртасгах, энэ тал дээр бодитой ажил хиймээр байна гэж хэлсэн. Ер нь бид эрүүл мэндийн чиглэлээр янз бүрийн хурал хийсээр байгаад одоо бүр дөжирчихсөн. Хүмүүс ч тоохоо байсан. Хуралдлаа гээд монгол хүний эрүүл мэнд сайжирч байгаа юм ер алга. Тэгээд сүүлдээ аргаа барсан ч юмуу, эрчүүдийн эрүүл мэндийн асуудал гэхээр сонирхож магадгүй гэж бодсон бололтой. Ийм ач холбогдолгүй хурал хийгээд яах юм бэ. Гол нь хүн эрүүл болох нь чухал. Дашбалбарын хэлсэн үг байдаг. Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ гэж. Тэгэхээр хэдүүлээ бие биенээ хайрлая гэж хэлсэн. Эрүүл мэндийн сайд Удвалын хажууд УИХ-ын гишүүн Р.Бурмаа сууж байсан. Тиймээс би “Ерөөсөө эхлээд бие биенээ хайрлая. Хамгийн түрүүнд Бурмаагаа хайрлая. Үнэхээр энэ хүний эрүүл мэндэд тусламж үзүүлэхгүй бол болохоо байчихсан байна” гэж Удвалд хэлсэн. Таны хажууд сууж байгаа эрхэм гишүүн Бурмаагийн эрүүл мэнд хэн ч харсан хэцүүхэн байдалтай байна. Ер нь эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг ч юмуу, энэ хүнд туслахгүй бол хэт таргалалтаас болж хэцүүдэх нь байна гэж хэлсэн. Үнэн юм чинь яах вэ дээ. Уг нь Бурмаа маань Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Гэхдээ их л сэтгэл зовмоор байна. Бурмаа маань зүгээр нэг гэрийн авгай биш. Төр түмнийг төлөөлж төрийн ордонд сууж байгаа эрхэм түшээ хүн. Тэгэхээр Бурмаагийн тухай бас ярих ёстой. Бид бие биедээ санаа зовж амьдрах ёстой шүү дээ. Өөрөө сайхан эрүүл яваад, харин өрөөлийг хэцүү явахад нь юу ч хэлэлгүй чимээгүй яваад байж болохгүй. Нүүрэн дээр нь юм хэлэхгүй, тэгсэн мөртлөө далдуур муу хэлнэ. Хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй гэдэг. Үнэнийг нь түс тас хэлчихвэл тухайн хүн санаа аваад өөртөө анхаарал тавьж магадгүй шүү дээ. Бие нь хэт таргалсан, тэгээд суугаа ажилдаа шаналсан царайтай харагдаж байна лээ. Манай монголчууд бие биенээ бурхан болохоор худлаа магтаад, худлаа нулимс унагаад байдаг. Архи уудаг байсан бол архийг нь болиулах, эрүүл мэнддээ анхаарахгүй бол эмнэлгээр яв, сувилалд оч, наадахаа эмчлүүл гэж хэлж бие биенээ аврах ёстой шүү дээ. Миний хувьд гэвэл нөхөр ёсны зөвлөгөө өгч хэд хэдэн хүнийг архинаас гаргасан хүн. Тиймээс би “Удвал сайд аа, наад Бурмаа дээрээ шууд анхаарлаа хандуул. Ямар ч үр дүнгүй худлаа хурал зөвлөгөөн хийж байхаар ерөөсөө өнөөдөр Бурмаагаа бодитойгоор эрүүл болгочих” гэж хэлсэн. Сайхан монгол бүсгүйн тэр галбир төрхөнд нь оруулаад өгье л дөө. Тэгвэл хүн баярлана шүү дээ. Гэтэл тэнд байсан хүмүүс миний хэлсэн энэ үгнээс нэг их сүрхий цочоод шоконд орж байгаа юм. Бурмаа яахав эхлээд уурласан л байх. Харин дараа нь “Энэ муу Энхтайванд ингэж хэлүүлээд байхдаа яадаг юм бэ, ёстой яршиг л байна. Би ёстой сайхан турчихаад энэ муу хогийн хажуугаар гунхалзаад өнгөрнө дөө” гэж бодно шүү дээ. Ингээд тэр хүн эрүүл болчихно, урт насална. Эрүүл биед саруул ухаан оршино. Тэгээд Бурмаа “Тайван маань зөв юм хэлсэн байна лээ шүү. Тэгээгүй бол би аль хэдийн бурханы оронд заларчих байсан байна лээ” гэж баярлана. Манай Гончигдорж биеэ их цэвэрхэн авч явдаг хүн. Гэтэл Их хурлын танхимд хажуудаа байгаа Бурмаад хэлэх ёстой шүү дээ. “Чи боль, эрүүл мэнддээ анхаар. Суусаар байгаад наад харвин чинь болохоо байлаа” гэж хэлэх ёстой байхгүй юу. Тэгтэл Гончигдорж зөвхөн амиа л бодож байна. Монгол хүн эрс шулуухан үгтэй байх ёстой. Хал нь гаднаа, хайр нь дотроо байх ёстой. Би энэ үүднээс л хэлсэн. Тэгтэл хурал удирдаж байсан Эрдэнэчимэг гишүүн надад уурлаж зэмлэсэн. “Та хурал дундуур өөр юм ярилаа. Бид эрүүл мэндийн тухай ярьж байна” гээд микрофоноо хааж бариад байлаа.
-Та УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг бас нэлээн баалсан гээ биз дээ.
-Эрдэнэчимэгт ч гэсэн үнэнийг л хэлсэн. “Та эрүүл мэндийн тухай ярьж байгаа бол би ч бас эрүүл мэндийн тухай ярьж байна. Би таныг Монголд эмийн бизнес хийж баяжсан хүн гэдгийг мэднэ. Гэхдээ монголчууд өвчтэй, хүн болгон атга атгаар эм хэрэглэдэг тохиолдолд таны эмийн бизнес цэцэглэн хөгждөг. Нийт монголчуудын эрүүл мэндийн асуудлыг ярьж байгаа бол бид эмгүй монголчууд болцгооё гэдэг хөдөлгөөн өрнүүлэх ёстой. Та бүхнээс би ийм л үг сонсох гэж ирсэн юм. “Эмээр баяжсан Эрдэнэчимэг бол эм зарж баяжсан хөрөнгө мөнгөө эргүүлээд монголчуудын эрүүл мэндийн тусын тулд зарцуулах ёстой” гэж хэлсэн. Энд буруу юм юу байгаа юм бэ. Ер нь монголчууд эм хэрэглээд байдаггүй байсан юм шүү. Би сайн санадаг юм. Намайг бага байхад манай нутгийнхан ер нь эм гээч юмыг мэддэггүй байлаа. Манай хөгшчүүл энд тэнд шалбарчихлаа гэхэд шүлсээ түрх л гэдэг байсан. Шүлс нь эм байсан юмуу даа. Хааяа хий ханиалгаад ирэхээр аав маань цулхирын гурил долоолго, ясны шөлөнд оруул, хар цайнд оруул гэдэг байсан. Энэ л миний эм болж байлаа. Ер нь манай нутагт эмтэй айл байгаагүй. Гэтэл одоо энэ эм гэдэг чинь гадаадаас гурил будаа шиг ихээр орж ирж байна. Манайхан эмийг ерөөсөө л иддэг болж. Тэгэхээр одоо эмийн бизнес эрхэлж баяжсан, архины бизнес эрхэлж баяжсан хүмүүс олсон орлогоосоо илүүчлээд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ямар нэг юм сэдэх ёстой. Эрт дээр үеэс монголчууд өвлийн улиралд өөх мах иддэг байсан. Тэгээд эр эмгүй хөдөлмөрлөж, морь малтайгаа хөөцөлдөж өөх тосоо шатаадаг байлаа. Одоо эр эмгүй машин унадаг болчихсон болохоор идсэн өөх тосоо шатааж чадахгүй байна. Нийслэлд байгаа хүнс бүгдээрээ хор. Тиймээс би Удвал сайдад хандаж “Нийтийн хоолны бүх газруудаар шалгалт явуул. Хоолны газруудаар дүүрэн хор зарж байна. Ногоо, цагаа, мах зэрэг эрүүл хүнсийг төрөл төрлөөр нь идэх хэрэгтэй. Тэгж байж эрчүүд эрүүлжинэ. Чалх сайтай, эрүүл байна. Аливаа зүйлээс үр дүн гарах ёстой шүү. Энэ хэлэлцүүлгээс чинь үр дүн гараасай. Монголчууд эрүүл болох болтугай. Хүнс нь хортой байхаар иргэд нь өвчтэй байдаг юм. Эрүүл мэндийн салбараа хөгжүүлээрэй” гэж хэлсэн. Энд хүн амьтан шоконд ороод байхаар буруу юм байхгүй л байгаа биз дээ. 3-р сарын 18-ны тэр зөвлөгөөнөөр “Эрчүүдийн эрүүл мэндийн асуудал” гэх мэтээр ямар ч үр дүнгүй худлаа хуралдаж байхын оронд “Эмгүй монголчууд болцгооё” гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн бол би зуун хувь дэмжих байсан. Бид энэ мэтээр ажил хэрэгч, бодитой юм хийх ёстой.
Хөөрөлдсөн Б.Ойдов

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …