Монголын далбаатай, усан онгоц Өмнөд Солонгосын эрэг орчимд алга болсон талаар BBC мэдээлж байна. Тус онгоцны багийн гишүүд Хойд Солонгосын иргэд байжээ.
Өмнөд Солонгосын эргийн харуул хамгаалалтын албанаас мэдээлснээр тэд өнөө өглөө эрт дохио хүлээн авсан гэнэ. Дамжуулсан координатын дагуу дээрх хөлөг онгоц Йосу боомт хотоос умард зүгт 130 км-ийн зайд байсан гэнэ.
Аюулын дохио хүлээн авсны дагуу ирсэн аврах баг багийн гурван гишүүнийг аварчээ. Харин үлдсэн 13 хүн болон хөлөг онгоц хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.
Монголын далбаатай, 4300 тонн төмрийн хүдэр ачсан тус хөлөг онгоц Хойд Солонгосын Чхонжин усан боомтоос Хятадыг чиглэж явсан гэнэ.
Эрлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд эргийн харуул хамгаалалтын 13 усан онгоц, зургаан агаарын онгоц эрэлд оролцож байгаа юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
