Ховд аймаг: “Цаст” хайрханд хийсэн анхны өвлийн авиралт

Өвөл нэгэнтээ эхэлж, хээр хөдөө хийгээд цас мөсөн хуягаа агсан дунхайсан Алтайн дагшин уулсын зүгт хааяа нэгхэн хөлхөх хүний хөл ч татарчээ.
Цаст хайрханы цалин цагаан тэргүүн тэртээд цайлалзан, тэр зүгт хараа бэлчээхэд жаврын үзүүр тас нясхийж, өвлийн амтыг мэдрүүлэх шиг санагдана.

IMG_6612Чухам ийм цагаар бидний хэдэн уулчид тэрхүү хайрханыг зорин замд гарав. Хэрэг явдал тун санамсаргүй өрнөсөн бөгөөд “Ховд” их сургуулийн 35 жилийн ойн хүрээнд Цаст хайрханд авиралт хийж, тус сургуулийн туг, шүтээнийг оргилд нь гаргаж цэнгүүлэх санаачлагыг сургуулийн төгсөгчпийн холбооны тэргүүлэгч П.Батболд нар гаргасны дагуу Ховд их сургуулийн оюутан, уулын спортын мастер Д.Мөнх-Эрдэнээр дамжуулан, бидэнд энэ тухай мэдэгдсэн дариуд бид өдөр шөнийн хугасад бэлтгэлээ базаан, арван хоёр сарын тавны өдөр буюу маргааш нь л хөдөлцгөөсөн юм.

Авиралтын замд “Ховд” их сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүлэгч, уг авиралтыг санаачлагч П.Батболд, Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын уулчин, спортын мастер Х.Бямбасүрэн, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Бөхжаргал болон миний бие нийлсэн таван мастерын баг Ховд их сургуулийн жолооч Г.Бямбаатай зургуулаа дөрөө нийлсэн бөгөөд шөнийн хоногтоо хайрханы хормойд хүрч, шөнө хагаслаад л авиралтыг эхлэв.
Биднийг хайрхан тийш жолоо залахад маань “Ховд” их сургууль, Голомт банк, Монгол даатгал компаний салбарын удирдлага болон 12 жилийн хоёрдугаар сургуулийн захирал Н.Сэрээнэндорж нарын сэтгэлтэй хүмүүс унааны зардал сэлтэд нэмэр хандив өгч, тусалж дэмжсэн юм.

IMG_6588Хайрханы хормойд шөнийн цагаар баруун талаасаа жаварлаж, хүйтний хэм магад 40 хүрч байгаа бололтой ёстой л тачигнаж байна. Авиралтыг эхлэх газартаа шахаж буудаллахаар майхан сав, түлээ түлшээ базаасан байсан ч энэ хүйтэнд тэсэж хоноход тийм ч санасны зоргоор бус нь магад. Аз болж бидний товлосон газраас наахна 5-6 орчим километр зайтай нэгэн айл өвөлжиж байсныг олж үзсэн нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын малчин Дакар гуайнх аж. Манай баг тэднийд буудаллаж, шөнө хагаслаад, шөнийн гурван цагт авирч эхэлсэн ба үүр хаяаран цайж, гэгээ орох, нар туяаран уулын толгойноос цухуйж, улмаар мандах үеийн тэсгим хүйтэн жаврыг сөрөн, эгцэрхэг, цавчим халил асга, оргилын хэсэг дэх цас, мөсөн хучлагат өндөрлөгийг туулж, үдийн арван хоёр цаг өнгөрөөд нэг цаг дөхөж байхад сая оргилд гарав.

IMG_6741Зогсолтгүй мацаж буй биднийг түрхэн зуур зогсож, амсхийх хооронд л халж, хөлөрсөн бие маань хөрч царцан, даарч эхлэх гээд байсан тул аль болох хурдан цаг алдалгүй урагшилж байв. Нар гарахаас өмнө хайрханы хормой хийгээд энгэр биений нуранги асга царцаж хөлдсөн байсан нь урагшлахад дөхөмтэй ч тулж явсан уулын таяг болон мөсний сүхний маань үзүүр эвгүйхэн тулвал халтирч, биеийн тэнцвэр алдуулах, түүнчлэн хөл халтирах эрсдэл энүүхэнд тул мөч бүрийд болгоомж сэрэмж шаардана. Хайрханы цээжинд хүрч, мөсний зах руу ормогц цас гээд байх юмгүй, гилгэр ногоон мөс зонхилсон эрсдэл ихтэй хэсэг үргэлжлэв. Мөсний тах, худрага, карбин, жумар, мөсний сүх гээд авиралтын буюу эрсдэлээс хамгаалах хэрэгслүүдээр өвч зэвсэглэж, “олсонд орон” /өндөр уулын мөстэй хэсэгт ангал руу унаж эрсдэхээс сэргийлж олсоор холбогдон авирах/, мөч тутам тун чиг хянуур урагшилсны хүчинд сая оргилд гарч чадсан билээ. Оргилын хэсэг дэх хэд хэдэн газарт градус ихтэй, эгц гилгэр мөстэй хэсэг дайралдаж, яггүй сорилт болж байв.

Өвөл цаг, жин хүйтний энэ үеэр “Цаст” хайрхан маань биднийг тун чиг тааламжтой хүлээн авч, салхи шуургагүй, цэлмэг, нартай талбиун сайхан байсан нь олзуурхууштай. Ийм хэдий ч оргилынхоо хэсэгт цагийн жамаар тачигнаж буй жавар салхинд бид удаан саатах аргагүй байсан болохоор зорилго болгож авч гарч ирсэн “Ховд” их сургуулийн туг болон бусад далбаа, дарцагаа хийсгэн, цэнгүүлж, сүү цагаагаа өргөн, залбирч, ёс төрийг үйлдэн, гэрэл зураг хэдэнтээ даруулаад буцах замдаа оров.

Хайрханы оргил хэсгийн замыг туулж, оргил руу хөтөлсөн зузаан мөсөн хучлага бүхий “хутган нуруу”-н дээгүүр /уулын оргилын хутганы ир шиг хурц ирмэг бүхий тогтоцтой хэсэг/ урагшлаж байх үед нүүрэн хэсгээ хамгаалалтгүй орхисноос болж, багийн хоёр уулчны маань хацар, бас нэг уулчны хөлийнх нь хуруу бага зэрэг хайрагдаад авсныг дурьдах нь жаврын эрч, хүйтний хэмийг илэрхийлэх нэг жишээ болж ч болох юм.
Буух замд мөсний зах хүртэл жаврын эрч ер сулрахгүй тачигнасаар байсан ба мөснөөс гарч, нуранги асгатай хэсэг рүү ормогц нар ээж, тавиухан сайхан болов. Үүр шөнөөр жавар сөрөн тэмцэж туулсан, танил зам маань аажим аажмаар хорогдон ард үлдсээр, манай баг оройн нар жаргахаас өмнөхөн хайрханы хормойд бууж ирэв. Жолооч маань хайрханы хормой руу дөтлөж болох хамгийн боломжит газар хүртэл бор ногоон “уаз пургон” машиныхаа хүчийг үзэн, зүтгүүлсээр ирж зогсоод, тосон хүлээж байсанд чамгүй ядарч, хөл гар сульдсан бидний хувьд баярлууштай хэрэг болсон юм.

IMG_6756Монгол Алтайн хайрханд хийсэн авиралтуудын түүхэнд бараг тохиолдож байгаагүй ийн өвлийн анхны /бидэнд байгаа мэдээллээр/ авиралтыг ийнхүү ямар нэг эрсдэл, гэмтэлгүй амжилттай дуусгаж, нийт 20 гаруй километр өндөр уулын замыг 14 цагт туулан хайрханы хормойд бууж ирсэн юм.
Урьд өмнө нь уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол улсын анхны эмэгтэй уулчин Ичиноров нарын баг 1980-н хэдэн онд 11 сарын эхээр Жаргалант хайрхан ууланд авирсан, мөн түүнээс хэдэн жилийн дараа Спортын мастер, бидний багш Б.Эрхэмбаяр нарын баг мөн наян хэдэн онд октябрын баяр буюу 11 сарын 7-ны орчимд Мөнххайрхан ууланд авиралт хийснийг эс тооцвол Алтайн нурууны аль нэг хайрханд өвлийн ийм авиралт болж байсан удаа үгүй ажээ.

Анх удаа арван хоёр сарын жин хүйтнээр “Цаст” хайрханд авирсан өвлийн анхдагч гэж хэлж болохоор авиралт маань хэдий эрсдэлгүй хийгээд амжилттай болсон ч, багийн уулчид маань яггүй хүнд сорилтыг туулж байж сая ард нь гарсан гэдгийг тэмдэглэх нь зүйн хэрэг гэж бодно.

Эрсдэл, бэрхшээлтэй нүүр тулсан, хүндхэн авиралт хийхэд маань уулын эзгүй дайдад бидний ар тал болж, шөнө дөлөөр авиралтын замд гарснаас маань эхлээд уулын хормойд бууж ирэх хүртэл сэтгэлээ чилээж, нүд салгалгүй хойноос харуулдан, санаа нь зовж, хоол унд бэлтгэн хүлээж байсан Баян-Өлгий аймгийн Толбо сумын малчин, өвгөн Дакар гуай болон хүүхдүүдэд нь, мөн бидэнтэй ганзага нийлж, дөрөө харшуулан, өөрийнхөө болон уаз пургон машиныхаа хийморь, жавхааг сэргээсэн Ховд их сургуулийн жолооч, яруу найрагч Гомбосүрэнгийн Бямбаад энэхүү тэмдэглэлээрээ дамжуулан талархал илгээх нь ч басхүү зүйн хэрэг биз ээ.

Алс тэртээд “Цаст” хайрханы цалин цагаан тэргүүн цайлалзан, мөнөөх зүгт хараа бэлчээхэд жаврын үзүүр тас, нясхийж, өвлийн амтыг мэдрүүлэх шиг санагдана. Хайрхан уулс ийнхүү дагшин байгалийн дошгин ширүүн амьсгал дунд мөсөн хуягаа хөдрөн “аг чиг”, нам гүмхэнд умбан цавцайсаар. Урь ирж, ус, мөрөн гэсэх цаг хүртэл тийшээ зүглэх хүн, амьтны “мөрс” балран, эзгүй зэлүүд, эль хульханд эзлэгдэх ажээ. “

 IMG_6761

Г.Төрмөнх

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …