Манай улсаас ХБНГУ-д Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржтой холбоотой 201800 еврогийн хэрэг тус улсын хэвлэлээр нэлээд шуугиан тариад байгаа тухай бид өмнөх дугаартаа мэдээлж байсан. Тццнийг дээрх еврогийн хэрэгт нэр холбогдсоноос хойш түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд улам олшрох боллоо.
Тэгвэл энэ удаад элчин сайд Б.Даваадорж нь тус улс дахь Монголын ЭСЯ-нд атташегаар ажиллаж байхдаа контробандын хэрэгт холбогдож байсан нь өдгөө баримт болон үлджээ. Уг асуудлын талаар тухайн үед хэлэлцэж байсан хурлын протоколыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтны зөвлөгөөний протокол Берлин хот 1992 оны 12-р сарын 20
Дипломат ажилтны зөвөлгөөнийг 1992 оны 12 дугаар сарын 20-нд ЭСЯ-ны Берлин дахь салбарын байранд хийж, атташе Б.Даваадоржтой холбогдсон асуудлыг хэлэлцэв. Тус зөвлөлгөөнд дор дурдсан дипломатууд оролцов. Үүнд:
А.Цолмон элчин сайд, Салбарын дарга зөвлөх Ц.Молом, хоёрдугаар нарийн бичгийн даргаар Л.Бярдамба, Хүний эрхийн зөвлөлийн атташе С.Төмөр, атташе М.Энхбаяр.
Зөвлөгөөнийг Элчин сайд А.Цолмон нээж, Б.Даваадоржтой холбогдсон асуудлыг гаалийн газар дээр очиж шалгасан атташе М.Энхбаяр мэдээлэл хийв.
А.Цолмон: Атташе Б.Даваадорж 1992 онд өөрийнхөө нэр дээр зургаан авдар тамхи, 191 шил архи захиалж авсан байна.
Мөн тус ЭСЯ-нд ажиллаж байгаад 1991 оны долоодугаар сард халагдсан, худалдааны мэргэжилтэн асан А.Мажигийн нэрээр энэ онд найман авдар тамхи, 120 шил архи захиалжээ. Өнөөдөр бид дипломатуудын зөвлөгөөнөөр атташе Б.Даваадорж салбарын даргын гарын үсгийг дуурайлгаж зурсан, салбарын тэмдгийг ашигласан, ЭСЯ-нд одоо ажилладаггүй хүний нэрээр юм захиалан авсан зэрэг ноцтой дутагдлыг авч хэлэлцэх гэж байна. Германы гаалийн хуулиар ЭСЯ-д ажиллаж буй нэг айл жилд дунджаар 70 мянган ширхэг янжуур, 250 шил архи захиалахыг зөвшөөрдөг юм байна.
Хэрэв энэ хэмжээнээс хэтэрвэл, сангийн яаманд бичиж, эдийн засгийн цагдаад мэдэгддэг журамтай. Гаалийн газрынхан бидэнтэй уулзахдаа “Танай ЭСЯ-ныхан ерөнхий жилийн хэмжээнээс одоохондоо хэтрээгүй байгаа, гэвч дөхөж байгааг анхааруулах хэрэгтэй” гэж хэлсэн. Ер нь хүмүүс зөвхөн өөрийнхөө хэрэгцээнд зориулж захиалга хийж байх хэрэгтэй. Өөр хүнд юм захиалж өгөхийг бүр мөсөн зогсооё. Европт суугаа манай зарим ЭСЯ-ны ажилтнууд, тухайлбал Москва, Софи, Прага, Будапешт, Германд тамхи авч ирж зарж байгаа нь тус улсын хууль дүрмийг зөрчиж байгаа хэрэг юм. Тамхины мафи Германы хуулийг зөрчиж байна гэсэн үг.
А.Цолмон: Энэ бол маш ноцтой асуудал юм. Зарим хүмүүс Б.Даваадоржийг гэнэн цайлган гэж ярилаа. Хэрэв тийм бол тэр тохирсон газраа ажиллах хэрэгтэй. Наад цол чинь ахдаад байх шиг байна. Үүнийг Б.Даваадорж анхааран ажилдаа сургамж авах хэрэгтэй. 35 нас хүрсэн дипломат хүн үүнийг мэдэх ёстой. Б.Даваадоржийн хийсэн үйлдлийг хоёр тийш нь болгож болно. Эрүүгийн хуулиар авч үзвэл хуурамч бичиг баримт үйлдсэн нь гэмт хэрэг юм. Энэ бол дан ганц Б.Даваадоржийн асуудал биш. Сүүлийн үед дипломат эрхийг зөрчиж байгаа бусад ЭСЯ-ны ажилтнуудын талаар төвд зориуд бичих хэрэгтэй. Бид хууль дүрэм сахих талаар нэг л замаар явах ёстой.
Хуулийн өмнө бид бүгд адил хэрэг хийвэл хэн ч хариуцлага хүлээж шийтгэгдэнэ. Би энэ асуудлын талаар их бодлоо. Нийгэмд ямар хохирол учруулсан бэ гэдгийг бодлоо. Материалын хохирол гараагүй боловч ёс суртахууны хохирол учруулсан гэж үзэх талтай. ЭСЯ-ны дипломатуудын зөвлөгөөнөөс Б.Даваадоржид сануулах арга хэмжээ авч цаашид элдэв дутагдал, доголдол гаргахгүй байхыг анхааруулав. ЭСЯ-ны салбарын дотоод дэг журам, эмх цэгц, хяналт шалгалтыг сайжруулахыг салбарын дарга Ц.Цолмонд үүрэг болгов.Монгол Улсаас Европын зарим оронд суугаа ЭСЯ-ны ажилтнууд Берлинд тамхи авч ирж зарж байгаа талаар төвд бичиж түүнийг таслан зогсоох нь зүйтэй гэж үзэв.
Протокол хөтөлсөн II нарийн бичгийн дарга Л.Бярдамба, Танилцсан салбарын дарга ХЭЗ- ийн зөвлөх Ц.Молом гэсэн гарын үсгүүд зурж хурлын протоколыг дуусгаж байжээ.
Ямартай ч дээрх хурлын тэмдэглэлээс харахад Б.Даваадоржийн хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байсан нь харагдаж байна. Гэвч тухайн үед ЭСЯ дахь дипломатууд Б.Даваадоржид сануулах арга хэмжээ аваад өнгөрсөн аж.
Энэ үйлдлийг удаа дараа гаргасаар байхад яагаад 2009 онд элчин сайдаар томилсон нь хачирхалтай. Цаг хугацаа хэчнээн өнгөрсөн ч үнэн юм гэдэг ямар ч том худал зүйлийг залгина гэдэг үг дээрхийг гэрчилж байгаа юм. Ар талдаа бат бөх хана босгосон Б.Даваадорж Монгол Улсын нэр хүндийг хилийн чанадад унагаж байгааг жирийн нэгэн явдал гэж ойлгож үл болно. Энэ бүх үйлдлүүдээс болж Б.Даваадоржийн алхах гишгэхийг нь хүртэл германчууд мөрдөж байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй л болов уу.
Бид дараагийн дугаартаа түүний хууль бус үйлдлүүд болон Монголд ямар «Таван топ улстөрч» ий ар талыг даадаг тухай мэдээлэх болно.
Үргэлжлэл бий…