2014 оны “Онцлох монгол хүүхэд” тодорлоо

jh112014 оны “Онцлох Монгол хүүхэд”-үүд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч. Сайханбилэгээс батламжаа гардаж авлаа. Ерөнхий сайд “Онцлох Монгол хүүхэд” хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

“… Бидний өвөг дээдэс өсвөр насныхны хөгжил, төлөвшилд “Харц мэт дагуул, Хань мэт зөвлө” гэсэн үзэл баримтлалаар ханддаг байсан уламжлал өнөө үед ч ач холбогдлоо алдаагүй. Ийм ч хандлагаар Та бүгдийн аав, ээж, гэр бүлийнхэн тань чамд зөвлөж, чамайг дэмжиж, чиний хүсэл, зориг, авьяас, оюун билгийг хөгжүүлэх үүргээ хариуцлагатай биелүүлэн чамаар бахархаж байгаа.

Өсвөр насныхны гол онцлог бол байгаль, дэлхий, хүн төрөлхтний үл тайлагдах гайхамшиг, нээлттэй ертөнцийг таньж мэдэхийн төлөө эрсдэлийг даван туулж, зогсолтгүй эрэл хайгуулд өсч хөгждөг, төлөвшдөг. Хүүхэд насныхны нэгээхэн хэсгийн төлөөлөгчид та бүхэн үе тэнгийнхнийгээ уран нүүдэл, шинэ бүтээл, экологийн болон хүмүүнлэг үйлс, эрэмгий, мэргэн, оюунлаг, амьдрах ухааны санаачилга, эрэл хайгуулд дуудаж манлайлан 2014 оны онцлох Монгол хүүхдээр тодорч байгаад хүүхдүүддээ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж байна” гэжээ.

jh2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-үүд:

1.  Уран нүүдэлч хүүхэд

Даваахүүгийн Мөнхзул, Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 3д ангийн сурагч, 8 настай эмэгтэй, Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга, 3 жил шатрын спортоор хичээллэж байна.

2.  Хүмүүнлэг хүүхэд

Цэрэндондовын Ухаанзаяа, Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч, 12 настай эмэгтэй, Эх хүүхдийн эрүүл мэнд,  Монгол улсын 3 сая дахь иргэн эсэн мэнд төрөхийг дэмжиж “Ачийг тань хариулъя”, “Ирээдүйн оюунлаг эзэд”, “Хүүхдийн төлөө гараа сунгая” нэртэй өөрийн уран бүтээлийн бие даасан тоглолтыг Хэнтий аймаг, Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж, түүний орлого 8 сая төгрөгийн эд зүйл болох 16 шинэ орыг төрөх тасагт, 7 төрлийн 22 шинэ тоглоомыг сэргээн засах сувилалд, хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд шинэ тэргэнцэр хандивласан. Бүжиг, уран нугаралт, хулсан хуурын төрлөөр хичээллэдэг.

3.  Эко хүүхэд

Зоригтбаатарын Буянхишиг, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч, 12 настай эрэгтэй, Хичээлийн бус цагаар өдөр бүр Сэлбэ голын бохирдлыг  “Ар согоот”-оос уруудан “Ногоон гүүр” хүртэл зайд 10-15 килограмм хог, хаягдлыг түүж, 3 жил цэвэрлэсэн. Түүсэн хогоо үүрээд гэртээ бөөгнүүлэн хогийн машинд ачуулж хэвшсэн. Хэрвээ өвөө эмээ, аав ээж нар маань надад байгаль орчноо хамгаал, гол усаа цэвэрхэн байлгаж хогийг нь цэвэрлэ гэж зөвлөж, сургаагүй бол бусад хүүхдүүдийн адил гадаа тоглоод л гүйх байсан. Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь байгалиа хайрлаж хамгаалахад сургавал сайн.

4.  Оюунлаг-талст хүүхэд 

Адъяасүрэнгийн Анударь, Гетё сургуулийн  11а ангийн сурагч, 16 настай эмэгтэй, Монголын оюун ухааны академи ТББ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын удаа дараагийн тэмцээнд амжилт гарган ой тогтоолтын Олон улсын мастер зэрэг хүртсэн. 30 минутад олон багц хөзөр цээжлэх төрөлд 8 багц, 444 ширхэг хөзөр цээжлэн санаснаар “Дэлхийн рекорд” тогтоосон. Түүхэн үйл явдал төрөлд 2 дугаар байр, мөнгөн медаль хүртсэн.

5.  Эрэмгий хүүхэд

Чогдонгийн Бямбажав, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч, 14 настай эрэгтэй, 2014 оны Үндэсний их баяр наадмын соёолон насны аман хүзүү, хязаалан насны айргийн 3, шүдлэн насны аман хүзүү, даага насны айргийн 3-д уралдсан амжилттай. Улс, бүсийн уралдаанд 1 түрүү, 7 айраг авсан “Түмний эх” галын гишүүн.

6.  Үндэсний мэргэн хүүхэд

Нармандахын Алтантулга, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч, 14 настай эрэгтэй, 2014 оны Үндэсний баяр наадамд 32 сумнаас 31 онож, тэргүүлэн өсөх идэр мэргэн цол хүртсэн Баян-Өлгий аймгийн “Мөнгөн сум” компанийн харваач

7.  Үндэсний мэргэн хүүхэд

Батчулууны Санчирнаран, Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар  ангийн сурагч, 14 настай эмэгтэй, 2014 оны Үндэсний баяр наадамд 32 сумнаас 29 онож тэргүүлэн өсөх идэр мэргэн цол хүртсэн, 2010 оноос Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваачаар хичээллэж байгаа дасгалжуулагч багш нь улсын гарамгай мэргэн Х.Оюунчимэг.

8.  Зөв монгол хүүхэд

Дуламсүрэнгийн Мягмарсүрэн, Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан, 17 настай эрэгтэй, Өөрөөс үл хамаарах амьдралын нөхцөлд хариуцлагатай, өөртөө итгэлтэй, аж төрөх ухаан, хат сууж, бие даан амьдрах чадвар эзэмшсэн. “Вербист” хүүхдийн асрамжийн төвд 15 жил өсч хүмүүжсэн, ширээний теннисний спортоор хичээллэдэг.

9.  Хүүхдийн шилдэг бүтээл

Баян-Очирын Ёндонжамц, TV9 телевизийн дэргэдэх Лоолойгийн найзууд” хүүхдийн клубын гишүүн, 16 настай эрэгтэй, “Адтай жаалууд”, “Ханхүү нь аль нь вэ?”, “Алсын удирдлага” хүүхдийн кино найруулж, өөрсдөө дүрээ бүтээж гаргасан. БНСУ-ын Пусан хотноо болсон олон улсын кино наадамд “Алсын удирдлага”,  Япон улсад болсон олон улсын кино наадамд  өөрсдийн бүтээсэн кино бүтээлээрээ оролцож Гран при шагнал хүртэн амжилт гаргасан.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …