Замын салбарт бараг 20-иод жил ажиллаж байгаа гэж өөрсдийгөө дөвийлгөсөөр нийслэлийн хамгийн чухал хэсгийн тендерийг өөрийн болгож дөнгөсөн “Ялгуусан” компанитай хатуухан хариуцлага ярих цаг болжээ.
Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж саяхны нэгэн ярилцлагадаа “Цаг хугацаа хожимдуулж ашиглалтад өгсөн, чанарын шаардлага хангахгүй зам тавьсан компаниудыг “хар дэвтэр”-т бичиж дахин тендерт оролцох эрхийг нь хасна” гэсэн байна лээ.
Тэгвэл өнөөдөр “Ялгуусан” компанийн бусниулаад хаячихсан Жуковын музейгээс Офицеруудын ордон хүртэлх энэ хэсэгхэн зам хоёрхон жилийн өмнө ногоон модон хайстай ямар хөөрхөн байгууламж байсныг баянзүрхчүүд сайн санаж байгаа. Одоо түүнээс үлдсэн юм нь алаг цоог эвдэрхий хоёр замын дундах явган хүний замын тантан л байх шив дээ.
Монголчуудын нэгийг хийх гээд нөгөөг нь сүйтгэдэг энэ муухай зан хэзээ нэг алга болох юм бол. Энэ жил уг нь төлөвлөгөө ёсоор нийслэл хотод 106.6 км зам засч, шинэчлэх юм билээ.
Хөгжлийн банкны санхүүжилтээр 80 тэрбум, Чингис бондоос 200 сая ам. доллар энэ жилийн зам засварын ажилд зарцуулагдана гэж байгаа. Энэ нь нийтдээ 350 тэрбум төгрөг гэсэн үг л дээ. Мөн ч их мөнгө шүү. Энэ их мөнгийг “Ялгуусан” мэтийн компанид өгч цаг заваа барж, уур уцаар болж суухаа больцгоох юмсан. Нийслэлийн Автозамын газраас чухал ач холбогдолтой замыг наадмын өмнө буюу долоодугаар сарын 10-нд хүлээж авахаа мэдэгдсэн.
Тэгээд ч энэ жил долоодугаар сарын 13-14-нд “Чингис хаан” жүдо бөхийн Гран-при тэмцээн Улаанбаатар хотод болно. Хоёрхон хоног бяр хүчээ сорьсон дэлхийн хүчтэнүүдийг Улаанбаатарын ойролцоох Тэрэлжийн амралтад аваачиж амраах л болов уу. Гэтэл дэлхийн хэмжээний том тэмцээнд ирж хүч чадлаа сорин өрсөлдсөн бөхчүүдийн тэмцээний дараах сайхан сэтгэгдлийг “Ялгуусан” компанийн барьж дуусаагүй эвдэрхий замаас болж унтраамааргүй байна. Уг нь нийслэлийн Автозамын газраас замын компаниудын хоёр ээлжээр буюу, шөнө, өдөргүй ажиллахыг шаардсан юм билээ.
Гэтэл “Ялгуусан” компанийн ажилчид шөнө байтугай өдөр ажлаа хийхгүй хоёр гурваараа энд, тэнд очоод сууцгаачихсан тамхи баагиулах нь арай л дэндүү. Энэ компанид замын инженер, талбайн даамал, ядаж л хэсгийн ахлагч байдаг эсэхэд эргэлзмээр. Замын мэргэшсэн мэргэжилтэй ажилчдын тухайд яриад ч нэмэргүй. Замын хашлага суулгаж байгаа цээж нүцгэн хэдэн залуу сууж, сууж дуртай дургүй нэг хашлагыг овоолсон нойтон цементэн дээр суулгасан болохыг хажуугаас нь харахад бараг л нойр хүрмээр. Ингэж ажиллаж байгаа тэд Ботаникийн цэцэрлэг хүрэх зам энэ жил яагаад ч тавьж дуусахгүй нь тодорхой.
Хамгийн гайхалтай нь “Ялгуусан” компанийн тавьсан болж байгаа энэ замыг хянаж технологийн горим зөрчигдөж байгаа эсэхэд нь үзлэг, шалгалт хийж байгаа мэргэжлийн хүний бараа энэ зуны хувьд л лав харагдсангүй. Замын чанар гэж хоолойгоо сөөтөл бархиралддаг хэрнээ яг замын ажил хийж байхад дэргэд нь зааж зааварчилдаг, норм стандартыг нь хянаж цагддаг хүн алга.
Уг нь замын чанар, эдэлгээг шалгах техник хэрэгслийг энэ жил 10 шахам тэрбум төгрөгөөр шинэчилсэн гэж яригдаад байсан. Яг энэ ажлыг биечлэн хянаж цагдах үүрэгтэй улсын лабораторийн ажилтнууд юу хийж, хаана юу шалгаж явна вэ. Та нарыг энд тэнд сэлгүүцэж явах хойгуур “Ялгуусан” мэтийн компаниуд зам биш “там” тавьж төсвийн мөнгө, түмний хөрөнгөөр гараа угаацгааж сууна.
Хэдхэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын компани Төв аймгийн Лүн сумын нутагт туйлын чанаргүй зам тавьж олон түмнээс “там Очир” гуншин авч байж билээ. Тэгвэл өнөөдрийн “там” тавигчаар “Ялгуусан” компани тодрох нь тодорхой. Тиймээс энэ компанийг “хар дэвтэр”-т бичиж, хариуцлага тооцох цаг болжээ.
Эх сурвалж: