Орон сууцны ипотекийн зээлийн хүүг +-8 хувиар үргэлжлүүлэх боломжтой болсныг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдэгдсэн. Монголын айл бүрт хамаатай шахуу энэ асуудалд олон нийт яах аргагүй анхаарлаа хандуулж байна. Харамсалтай нь “Чоно борооноор” гэгчээр энэ дуулианыг ашиглаж ХААН нэртэй банк ХААН эрх эдэлж байна. Тухайлбал, өмнө нь зээлтэй байсан зээлдэгчид зээлээ төлөөд явсаар байтал 8 хувийн хөнгөлөлтөд орохын тулд дахин шинээр зээл авах гэж байгаатай адил материал бүрдүүлэхийг шаардаж байна. Зээлээ төлөөд явж байгаа иргэдэд дахин үй олон материал нэхэж цаг завыг нь үрэх шаардлага юу байна. Ийм гаж тогтолцоог зөвхөн ХААН нэртэй банк л хэрэгжүүлж байгааг төр засгийн зүгээс анхаарах хэрэгтэй байна. Иргэдэд хүндрэл чирэгдэл учруулалгүй энэ асуудлыг шийдвэрлэхийг төр засгийн зүгээс нь сануулсаар атал эсрэгээр зүтгэж байгаа энэ газрыг яах вэ. Мөн зээл төлөлтөө ганц нэг удаа хоёр гурван хоногийн наана цаана төлсөн гэх шалтгаанаар иргэдийг энэ хөнгөлөлтөд хамааруулахгүй хэмээн дарамталж байгаа бололтой. Харин ч зээлээ төлөхөд нь хялбар болгох үүднээс ийм зээлдэгчдээ илүү харж үзэн хөнгөлөлтөд нь хамруулмаар юм биш үү. Монголын төр засгийн шийдвэрийн эсрэг ажиллаж ард иргэдийнх нь эрх ашгийг бодолцдоггүй гадны энэ мэт хөрөнгө оруулалттай боловсон аргаар мөнгө угаагч банкуудын хаалгыг баривал яасан юм бэ. Монголын ард түмэн үйлчлүүлэхгүй бол энэ банк оршин тогтнох уу. Хэний мөнгөөр хөлжиж хөрөнгөжиж байгааг нь сануулах л хэрэгтэй болж дээ ХААН банкны удирдлагуудад.
Г.Ганаа