Английн Ливерпүүл клубын амьд домог, багийн ахлагч Стивен Жеррард энэ улирлын төгсгөлд багаа орхино гэдгээ мэдэгдлээ. Стивен Жеррард одоогоор гэрээгээ сунгаагүй байгаа бөгөөд улирлын төгсгөлд шинэ гэрээний нөхцөлөөс татгалзана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн одооноос эхлэн өөрт нь тавьсан санал бүрийг анхааралтайгаар авч үзэх болно гэжээ. Гэхдээ домогт ахлагч Английн премьерлиг дэх өрсөлдөгч клуб рүүгээ явахгүй гэдгээ багийн удирдлагууддаа мэдэгдсэн гэнэ. Стивен Жеррард өдгөө 34 настай бөгөөд 9 настайгаасаа эхлэн Ливерпүүлийн академид суралцаж, хөлбөмбөгчний карьерээ энэ багтайгаа хамт үдэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд тэр Ливерпүүлийн хамтаар Аваргуудын лиг, ФА цомыг хүртсэн ч Английн премьерлигийн цомыг л өргөж чадаагүй байна. Английн төдийгүй дэлхийн шилдэг тоглогчдын нэг “Стивен Жи” төрөлх улсынхаа дээд лигийн цомыг хүртэж чадаагүй гэдэг нь харамсалтай. Ямартай ч түүний энэхүү мэдэгдэл багийн олон мянган фанат болон багийн тоглогчдыг цочролд оруулаад байна. Багийн дасгалжуулагч Брэндан Рожерс “Тэр багаасаа явах шийдвэр гаргасан ч хүндлэл хүлээх гавъяатай хүн. Стиви бид хоёр тун сайн харилцаатай, хоорондоо их ч ярилцдаг. Тэр гайхамшигтай тоглогч, энэ клубт бахадмаар зүтгэсэн. Хоёр жил хагасын өмнө энд ирэхэд түүнийг миний тоглолтын арга барилд зохицох уу гэж бүгд асууж байсан. Сүүлийн хоёр жилд Стиви хэрхэн тоглосныг та нар харлаа. Тэрээр өнгөрсөн улирлын шилдэг тоглогч болж болохоор байсан. Түүний тоглолтын, талбайд гарах цагийг би зохицуулж байгаа. Хамгийн сайн бүрэлдэхүүнийг сонгож, түүнийг аль болох хүчтэй, сэргэлттэй байх талаар хийж буй миний шийдвэрийг тэр ойлгож байгаа” гэжээ.