Зэвсэгт хүчний салбар 2014 оны онцлох 10 үйл явдлаа нэрлэжээ. Үүнд,
1. Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ой
Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монгол Улс, ОХУ-ын залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ” сургууль, Монгол Улс, ОХУ-ын цэрэг дайчидтай хамтарсан цэргийн ёслолын жагсаал, Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод аймаг, Халх гол суманд зохион байгуулсан баярын арга хэмжээнд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.
2. Зэвсэгт хүчний түүхт ойнууд
Монгол Улсад цэргийн Үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100, Цэргийн сонины анхны дугаар хэвлэгдсэний 90, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 90, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 70, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 50 жилийн ойн баярын арга хэмжээнүүдийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
3. “Оюутан цэрэг” хөтөлбөр
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан ”Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж байгаа 418 оюутныг цэргийн анхан шатны сургалтад хамруулж “Цэргийн тангараг” өргүүллээ.
4. “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” арга хэмжээ
Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцсон энхийг сахиулагчдын тоо 10.000-ын босго давж, Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” цуврал арга хэмжээнд нийт 306 сургуулийн 25.506 багш, оюутан, сурагчид хамрагдсан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, эх оронч хүмүүжил төлөвшүүлсэн арга хэмжээ боллоо.
5. “Монгол цэргийн жавхаа” уралдаан
Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд зохион байгуулсан “Тэргүүний тохижилттой, жагсаалч хамт олон” шалгаруулах уралдаанд Зэвсэгт хүчний ангиуд амжилттай оролцож, Зэвсэгт хүчний 120 дугаар анги тэргүүн байр, Зэвсэгт хүчний 353 дугаар анги гутгаар байр тус тус эзэлсэн.
6. Олон улсын хамтарсан сургууль
Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2014” олон үндэстний сургалт, дадлага, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ” сургууль, АНУ-ын төвийн командлалаас зохион байгуулсан “Бүс нутгийн хамтын ажиллагаа 2014”, Монгол Улс, Америкийн нэгдсэн улсын тусгай хүчний ангиудын хамтарсан “Баланс мэжик-2014-1” хээрийн сургалт, дадлага, Монгол-Катарын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий шийдвэр” хээрийн сургалт, дадлага, “Рacific angel 2014-4” хүмүүнлэгийн ажиллагааны хамтарсан сургалт дадлага, Монгол Улс, Япон Улсын хамтарсан инженерийн сургалт, дадлагад нийт 3000 гаруй алба хаагчид амжилттай оролцлоо.
7. Зэвсэгт хүчин-спортын амжилт
Зэвсэгт хүчний баг тамирчид тив, дэлхийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож 224 алт, 255 мөнгө, 217 хүрэл нийт 696 медаль хүртэж бахдам амжилт гаргасны зэрэгцээ дэлхийн цэргийн холбооны гишүүнчлэл сэргээсний дараах 4 дэх тэмцээн цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс алтан медаль 4, мөнгөн медаль 3, хүрэл медаль 1, эрэгтэй багаараа алтан медаль, эмэгтэй багаараа мөнгөн медаль тус тус хүртэж түүхэн амжилтын эзэд боллоо.
8. Бүсийн сургалтын төв төсөл
“Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй “Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв төсөл”-ийн II шат, бүсийн сургалтын төв байгуулах ажил амжилттай хэрэгжиж Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь 2014 онд НАТО-ын “Боловсрол, сургалтын төвийн сүлжээ”-нд гишүүнээр элслээ.
9. Ахлагчийн түвшин тогтоох үзлэг
Зэвсэгт хүчний ахлагч нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, бие бялдарын түвшин нь томилогдсон албан тушаал, ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэхэд бодит үнэлгээ өгөх зорилгоор Зэвсэгт хүчний ахлагч нарын түвшинг тогтоох шалгалтыг 2014 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.
10. Зэвсэгт хүчний Жанжин туг шинэчлэгдэв
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 70 жил дээдлэн залсан оройн дээд сүлд, золбоо хийморийн бэлэгдэл БНМАУ-ын Ардын хувьсгалт цэргийн Жанжин тугийг Монгол цэргийн музейд хадгалуулж, Зэвсэгт хүчний Жанжин тугийг шинээр бүтээн долдугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд анх удаа заллаа.