Тэгвэл Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн Дорнод аймгийн Чойбалсанд бууж 200 үхэр авч явсан гэх Хойд Солонгосын ачаа тээврийн онгоцны талаар мэдээлэл өглөө. Тэрээр: “Жил хагасын өмнө ерөнхийлөгч Хойд Солонгос улсад айлчлал хийсэн. Энэ үеэр манай улс тус улсад 10 мянган мал үржүүлгийн чиглэлээр өгөхөөр тохирсон . Энэ дагуу тус улс өөрийнхөө ачааны онгоцоор Монгол Улсад газардаж 104 үхэр ачиж явсан. БНАСАУ-д хойд талаараа хүйтэн сэрүүн өвөл болдог. Тиймээс мал аж ахуйн тусгай бүс бий болгоно гэсэн хөтөлбөр явуулдаг юм билээ. Гадаад харилцааны яаманд олон улсын хамтын ажиллагааны сан гэж байдаг. Энэ сангаас зардлыг гаргасан. Манайх үржүүлгийн мал өгье өөрсдөө үржүүлээд хүнсний асуудлаа шийд гэсэн саналыг тэдэнд тавьсан. 2000 оны үед Хойд Солонгост ямаа гаргасан. Одоо үржээд байж байгаа. Нислэгийн зөвшөөрөл аваад, бүх зүйлийг хяналттай хийсэн. Олон улсын харилцаа дүрэм журмын дагуу бүхнийг хийсэн. Манайх Ази номхон далайн бүсийн дэлхийн хүнсний байгууллагуудыг 2014-2015 онд даргалж байгаа тул мал нийлүүлж, дэмжлэг үзүүлснээрээ олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа” гэж ярьсан байна.
Харамсалтай нь тэрээр яагаад энэ асуудлыг эхнээс нь ард иргэдэд мэдээлсэнгүй нуусан вэ гэдэг асуултанд хариулсангүй.
Төр засаг ард иргэдээсээ бүхэл бүтэн гадаад улсын онгоц ирээд буцаж байгааг нуухыг оролдож байгаа нь үүнээс илүү олон зүйлийг нууж чаддаг бололтой гэсэн хардлага сэрдлэгийг төрүүлж байна. Магадгүй энэ онгоцны цаана улс орны биш, хэн нэгэн албан тугаалтны эрх ашиг нуугдаж байгаа юм биш биз гэсэн хүмүүс цөөнгүй байна.
Ц.Мөнх