Хөдөлмөрийн яам, МЗХ-тай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн төслүүдэд оюутан залуучуудыг бүртгэж эхэлжээ. Зуны амралтаараа сум орон нутагтаа очиж цалинтай ажиллах, ажил мэргэжлийн дадал эзэмшиж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах боломж оюутан залуучуудад олдож байна.
“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Сумын залуус” төсөлд эмч, англи хэл, математик-мэдээлэл зүй, үйлдвэрлэл-бизнесийн удирдлага мэргэжлээр суралцдаг оюутан залуучууд хамрагдах боломжтой юм байна.
Тэд 4, 4-өөрөө нэг баг болж 21 аймгийн 331 суманд хуваарилагдан зуны 2 сарын хугацаанд цалинтай ажиллах гэнэ. Оюутан залуучуудад зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, улс орны болон нийгмийнхээ хөгжил, боловсролын салбарт өөрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж хөдөө суманд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэхэд энэхүү төслийн зорилго оршиж байгаа гэдгийг төслийг боловсруулагчид хэлж байгаа юм.
Эхний удаа сумын залуус төсөлд нийтдээ 1324 оюутан залуус хамрагдах бөгөөд хүний нөөцийг МЗХ 21 аймаг дахь Залуучуудын холбоо болон Улаанбаатар хот дахь аймгуудын залуучуудын холбоодоор дамжуулан бүрдүүлэх гэнэ. Хэрвээ та энэхүү төсөлд хамрагдах хүсэлтэй бол МЗХ-ны дэргэдэх аймгийнхаа залуучуудын холбоо, мөн Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид хандах, эсвэл МЗХ-ны төв байр 201 тоотод ирж бүртгүүлэх юм байна.
эх сурвалж: mol.gov.mn