Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нийслэлийн орлогч нарын талаар ярилцлаа. Учир нь Засгийн газраас нийслэл хоёр орлогчтой ажиллахыг заасан байгаа. Гэтэл нийслэлийн Засаг дарга зургаан орлогчоо халж чадахгүй гэсэн бол орлогч дарга нар цалингүй ажиллана гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар нийгмийн дунд “цалингүй ажиллана гэсэн юу гэсэн үг вэ. Цалин авахгүйгээр илүү мөнгө олж чадна гэсэн үг болж байна” гэсэн шүүмж хүчтэй өрнөж байгаа.
Тиймээс өнөөдөр Төсвийн тодотголыг дагалдуулан өөрчлөгдөж буй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн заалттай холбоотойгоор энэ асуудлыг гишүүд ярилцлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Засаг даргын орлогч гэж ямар хүнийг хэлэх вэ. Нийслэлийн орлогчид цалингүй ажиллана гэдэг нь юу гэсэн үг вэ. Энэ хууль гарсны дараа орон нутагт цалингүй орлогчид бий болох уу. Ер нь цалингүй ажиллаж болох уу” хэмээн асуусан юм. Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Хуульд хэдэн орлогч байна гэж заасан тэр хэмжээний л орлогч байна. Хоёр орлогч байна гэсэн бол хоёр л орлогч байна. Цалингүй ажиллана гэвэл хууль зөрчсөн явдал болно. Цалингаа аваад хандивладаг зүйл бий, гэвч тэр бол огт өөр харилцаа” хэмээсэн юм.
olloo.mn