Ямар илгээмжийг татвараас чөлөөлөх вэ?

tatwarГадаадад 120 мянга орчим монголчууд ажиллаж байна гэсэн албан бус мэдээлэл бий. Хөрөнгөжих гэсэн хүсэлдээ хөтлөгдөн хүний газарт хөдөлмөрлөж буй монголчууд олсноо цуглуулан, боломж бололцоогоороо ар гэрийнхэндээ илгээмж явуулдаг. Ингэхдээ хувцас хунар, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, тоглоом, хуучин болон шинэ хувцас, хүүхдийн гутал, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс явуулдаг аж. Тэр тоолонд гаалийн татварт 5 хувь, НӨАТ төлөх ёстой зарим бүтээгдэхүүнд 10 хувийн татвар төлдөг байсан юм. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Улс хоорондын шуудан илгээмжийг бараа гэж үзнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон юм. Өмнө нь шуудангийн илгээмжийг бараа гэж тооцдоггүй байсан аж. Тиймээс татвар авдаг байсан юм. Харин энэ удаад бараа гэж тооцдог болсон ч тоо ширхэг, үнийн хувьд тодорхой хэмжээнд татвар авахгүй байх уян хатан заалт үйлчилж эхэлжээ.

Тэгвэл энэ оноос эхлэн гадаадын улс орноос шуудангаар дамжуулан илгээсэн илгээмж буюу бараанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нугалснаас доогуур үнийн дүнтэй бол гаалийн татвараас чөлөөлөх хууль мөрдөгдөж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд нэмэлт оруулж “38.1.15. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг гаалийн татвараас чөлөөлөхөөр тусган, он гарсаар хэрэгжүүлж эхэлжээ. Дээр нь нэгэн таатай мэдээлэл гэвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хоёр хуульд нэмэлт өөрчлөлт орсноор улсын хилээр нэвтэрч буй илгээмжийнхээ хэмжээнээс хамаарч гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой болсон байна. Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгосон. Энэ дагуу бол 1 сая 920 мянган төгрөгийн хувь хүний нэр дээр явуулсан илгээмжийг гаалийн татвар төлөхгүйгээр авах боломжтой гэсэн үг.

Харин ингэхдээ нэг анхаарах ёстой зүйл нь “ижил төрлийн хоёроос илүүгүй бараа” гэх тодотгол. Энд юу хамаарах вэ гэж үү.

Ижил төрлийн бараа гэж юу вэ?

Гаалийн тариф, татварын тухай хуулийн 12.2-т “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас нь аль алинаа орлож чадах барааг хэлнэ” гэж заажээ. Мөн “Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийг харгалзан үзнэ” гэж тусгасан байна.

Бодъё л доо. Гадаадаас танд, таны охин, хүү гуравт ижил төрлийн гурван цамц илгээмжээр ирлээ. Энэ гурван өмдний үнийн дүн нийлээд 1 сая 920 мянган төгрөгт хүрэхгүй байлаа ч татвар авна. Харин гурван өөр төрлийн бараа буюу хоёр цамц нэг өмд, эсвэл гутал, цамц, өмд байвал гаалийн татвар авахгүй гэсэн үг. Танд цүнх, цамц, гутал, хичээлийн хэрэгсэл, малгай, ороолт гурваас дээш төрлийн хэрнээ ижил биш бараанууд ирээд хуульд заасан үнийн дүн буюу нэг сая 920 мянгаас бага байвал татвараас чөлөөлнө.

Эндээс нэг асуулт гарч ирж байгаа нь нэг сая 920 мянган төгрөгөөс дээш бол яах вэ? Гэсэн асуулт. Хэрэв таны илгээмж нэг сая 920 мянга+1 төгрөг болвол хөнгөлөлт эдлэх боломжгүй болно. Тиймээс таны илгээмж энэ мөнгөн дүнд багтахгүй, илүү гарах гээд байгаа бол хоёр таслаад ч юм уу мөнгөн дүнд нийцүүлж байж явуулсан нь танд илүү ашигтай гэсэн үг.

Дээрх мөнгөн дүнд багтаж л байгаа бол та хоёр ширхэг өмд, хоёр ширхэг цамц, хоёр ширхэг гутал гэхчилэн тэрхүү тоог нь хэтрүүлэхгүй бол асуудал гарахгүй гэсэн үг. Харин өөр төрлийн хэмжээтэй эсвэл өөр өөр загвар, брэндийн гурван ижил бараа /өмд, цамц, гутал, хувцас аль нь ч бай ялгаагүй/ авбал “хоёроос илүү” гэдэг ангилалд орно гээд ойлгочиход гэмгүй. Энд дурдаагүй барааг яах вэ гэж бодож байгаа бол http://customs.gov.mn/2014-03-25-01-15-20 энэ хаягаар ороод үзэхийг хүсье.

Компьютер хөнгөлөлтөнд хамрагдах уу?

Гаалийн татварын хувьд зөөврийн компьютер, Iрad, таблет зэргээс татвар авдаггүй аж. Гэхдээ энд дээрх ижил төрлийн хоёроос дээшгүй гэх тодотгол хамаарна гэдгийг анхаараарай. Хэрэв та компьютер чинь үнэтэй учраас энэ хөнгөлөлтийг эдлэх боломжгүй юм байна гэж харамсч байгаа бол таатай мэдээлэл байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй байх гэх шаардлага энд үйлчлэхгүй. Учир нь НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийн 13.1.24-т “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд гуч дахин нэмэгдүүлснээс тус тус дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг НӨАТ-аас чөлөөлөх нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тиймээс та 5 сая 760 мянган төгрөгийн үнэ бүхий нэг эсвэл хоёр зөөврийн компьютерийг илгээмжээр авахад ямар нэгэн татвар төлөлгүйгээр авч болох нь ээ.

Жин, хэмжээний хувьд ямар байх вэ?

Одоогоор илгээмжийн дээд хэмжээ 20 килограмм, харин хоёр улс харилцан тохиролцсон тохиолдолд 50 килограмм хүртэлх жинтэй илгээмжийг хүлээж авдаг.

Үргэлжлэлийг энд  дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …