Японы парламентад ажил дээрээ олон цагаар саатаж, цалинтай амралтаасаа татгалздаг хүмүүсийн амьдралыг зохицуулах хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Японы хуулиар ажилтан жилдээ 10-20 хоног цалинтай амралт эдлэх эрхтэй боловч олон хүн амралтаа эдлэх хүсэлт гаргадаггүй гэнэ. Түүнчлэн дэндүү олон цагаар ажилласнаас туйлдаж ядрах нь үхлийн нэг шалтгаан болдог тул үүнийг илэрхийлдэг “karoshi” хэмээх ойлголт бий болжээ. Хуулийн төсөлд өгүүлснээр ажил олгогчид ажилтнуудын амрах хуваарь гаргаж, тэднийг амралтаа заавал эдлэх хэрэгтэйг сануулж байх үүрэгтэй бөгөөд хэрэгжилтийг нь Засгийн газрын тусгай хорооноос хянах аж. “The Japan Times” сонинд өгүүлснээр 2013 онд Япон дахь ажилтнуудын 48.8 хувь амралтаа авчээ. Япон ажилтнуудын дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд тэдний 60 хувь амралтаа авч, аялах нь хамтран ажиллагчдад нь таагүй сэтгэгдэл сэтгэгдэл төрүүлдөг тухай өгүүлсэн байна. Тэд эдийн засгийн зогсонги байдалтай энэ үед амрах нь тухайн хүнийг эх орондоо амжилт хүсэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэж үзжээ.
Д.Болд