Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны 1 дүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийж, мөн сарын 21-24-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земантай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, Парламентын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга нартай уулзана. Айлчлалын хүрээнд Монгол, Чехийн бизнес форумыг нээн үг хэлж, Карлын Их сургуулийн Монгол судлалын төвд зочлохоос гадна Чех Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил хэрэгжиж буйгаараа онцлог бөгөөд Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, нийгмийн хамгаалал, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн 45 дугаар чуулга уулзалтын Уул уурхай металлургийн бодлогын удирдагчдын хуралдаан, Авлигын эсрэг түншлэлийн санаачилгын арга хэмжээ болон Дэлхийн 2015 оны Усны хөтөлбөр, Дэлхийн эдийн засгийн удирдагчдын уулзалт зэрэг арга хэмжээнд тус тус оролцоно.
Мөн чуулга уулзалтын үеэр зарим улсын Төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.