ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан: Сэтгэл байхад боломж өөрөө ирдэг

20150114_122504-1728221689201501150435ШӨХТГ-ын шинэхэн дарга Т.Аюурсайхантай ярилцлаа 

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.  

-Та  ШӨХТГ-ын даргаар томилогдлоо. Цаашдаа ямар арга  барил, бодлого чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

– Хэрэглэгч та хаан гэсэн үг хоосон өргөмжлөл төдий байлгахгүйн төлөө ажиллана. Шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө ажиллана. Эдгээр ойлголт нийгэм, эдийн засагт асар их дутагдаж байгаатай бүгд санал нийлэх байх.

-Ирснээсээ хойш ШӨХТГ-ын ажилтай ерөнхийд нь танилцсан байх. Та  ямархуу дүр зурагтай газрыг хүлээн авсан бэ?

– Энэ байгууллага одоогоос яг 10 жилийн өмнө байгуулагдсан. Энэ хугацаанд холбогдох хууль тогтоомжийн орчин бүрэлдэх хэрээр ШӨХТГ-ын чиг үүрэг өргөжиж ирсэн. Энэ хэрээр хэрэгжүүлж байгаа ажлын тоо хэмжээ, далайц өргөжиж байна. Үр дүнд хүрч байгаа ажил ч байна, үйл ажиллагааны зарим алдаа дутагдал ч байна. Ерөнхий зургаараа байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

– Таныг “ШӨХТГ-ын даргаар ирэх сургаар ажилчид нь өргөдлөө өгөөд эхэлжээ” гэсэн мэдээлэл зарим цахим хуудсаар гарсан. Энэ үнэн үү. Засгийн газраас яам, агентлагийн орон тоог 15 хувиар цомхотгох чиглэл өгсөн. Танайд ямар  байдлаар цомхотгол явж байна вэ?

– Цомхотголтой холбоотой Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүллээ. Намайг ажилд томилогдоход зарим хэлтсийн удирдлага өргөдлөө өгсөн байдалтай байсан. Зарим нь өөр ажилд шилжээд явах хүсэлтээ өөрсдөө илэрхийлсэн. Үүний зэрэгцээ өмнөх даргын үед ажлаасаа хууль бусаар халагдсан хүмүүсийг ажилд нь эргүүлж авах тухай шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байсныг биелүүлсэн байгаа.

– О.Магнай даргын өмнө нь хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлэх үү. Танд үүнийг л нэг өөрчилмөөр байгаа юм даа гэсэн шинэ санал, санаачилга байна уу?

– ШӨХТГ-ын чиг үүрэгт заагдсан ажлууд хийгддэгээрээ хийгдээд л явна. Өөрчилмөөр санаанууд нэлээн байгаа. Аливаа асуудлыг шалгаад, шууд хуулийн заалт барьж хариуцлага тооцно гэдэг хандлага байна. Гэтэл зах зээлийн судалгаа гаргаж, тухайн асуудал шинжлэх ухааны онолын хувьд, практикийн хувьд улсын эдийн засаг, нийгмийн байдалд ямар эерэг болон сөрөг нөлөөтэйг тооцолгүй явж ирсэн нь анзаарагдсан. Шүүх дээр байцаагчийн гаргасан шийдвэр хүчингүй болох явдал байдаг нь үүнтэй холбоотой гэж үзэж байна. Үүнийг засч залруулахын төлөө ажиллана. Ийм ч учраас зах зээлийн судалгааг хариуцсан нэгжтэй болсон. Судалгааны зэрэгцээ сургалтанд анхаарна. Юу юугүй шалгаж торгохоос илүүтэй аж ахуй эрхлэгчдэд хууль тогтоомж сурталчлах, шударгаар өрсөлдөхөд чиглэсэн болон хэрэглэгчдийг эрхээ хамгаалах тал дээр тогтмол сургалтууд явуулна.

– ШӨХТГ-ын дарга асан О.Магнайд иргэд ам сайтай байгаа. Түүнийг ажиллах хугацаандаа  чамгүй олон ажил амжуулсан гэж магтдаг. Тэгэхээр Т.Аюурсайхан гэдэг хүнийг О.Магнайтай яалт ч үгүй харьцуулж эхлэх байх даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

– Миний хувьд өөрийгөө хэн нэгэн хувь хүнтэй харьцуулахыг хүсэхгүй байна. Хүн болгон ажлын арга барил, мэдлэг боловсрол, ур чадвараараа ялгаатай. Хамгийн гол нь энэ байгууллагын чиг шугам гэж байна. Үүнийг л хазайлгахгүй барих ёстой гэж бодож байна. Миний хувьд шударга, зөв өөрчлөлтийн төлөө явсаар ирсэн, цаашдаа ч явна гэдэгтээ итгэлтэй байгаа.

– Өнгөрсөн хугацаанд циркийг тойрсон асуудал нэлээд их маргаан дэгдээсэн. Үүнд ямар нэг шийдэл гаргах болов уу. Ойрын үед ямар ажилд анхаарлаа хандуулъя гэж бодож байна?

– Циркийн хувьд Төрийн өмчийн хороонд санал хүргэгдсэн байгаа. Мөн энэ асуудлаар шүүхэд хандсан байгаа. Үр дүнг явцын дунд мэдээлж болох байх. Ойрын үед хийх ажил гэвэл миний өмнө ч ярьж байсан зүйл бий. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4 орчим их наяд төгрөгийн хөнгөлттэй зээлийг ямар компаниуд аваад хэрхэн зарцуулав гэдэг талаар. Эдийн засгийн хүндрэлээс болж олон арван мянган аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж байна. Гэтэл цөөхөн хэд нь төрөөс асар их дэмжлэг аваад, тэр тусмаа хэрвээ үүнийгээ зориулалтын бусаар зарцуулсан бол энэ шударга өрсөлдөөн мөн үү? Үүнийг тогтоохын төлөө ажиллана. Үүний зэрэгцээ шатахууны үнийг судлах болон дулааны үнэ нэмэгдсэнийг судлах ажлын хэсгүүдийг байгуулж байгаа. Барилгын метр квадратын зөрүү, банкны шимтгэл зэрэг өмнө эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж үр дүнд хүргэнэ гэсэн бодолтой байна. Бодож төлөвлөсөн ажлууд бий. Иргэдээс, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гомдол саналууд ч бий. Ер нь хийх ажил нэлээн байгаа.

– МАН-ын Шинэчлэлийн хороо нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалахын тулд олон удаа жагсаал,  цуглаан хийж байсан. Шинэчлэлийн Засгийн газар болж бүтэхгүй байгааг ч хатуу шүүмжилж байсан. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газар огцроход тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн. Үүнийх нь төлөө таныг  ШӨХТГ-ын даргаар томиллоо гэж харж байгаа хүн цөөнгүй бий. Үүнд та өөрийн байр суурийг илэрхийлээч?

– Шударга ёс, зөв өөрчлөлтийг ярьж, санаачилж явдаг болохоор энэ ажлыг хийхэд тохиромжтой хүн гэж үзсэн юм болов уу даа. Ямар ч л байсан энэ ажлыг хийж чадна гээд л санал болгосон. Шинэчлэлийн хороо улс төрийн намуудыг шинэчлэх, төрийг эрүүлжүүлэх, нийгмийг хөгжлүүлэх зорилготой төрийн бус байгууллага. Хамт олноороо ярилцаж байгаад, төрийг эрүүлжүүлэх, нийгмийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд хувь нэмрээ оруулах боломжтой гэдэг утгаар нь энэ ажлыг хүлээж авсан. Гудамж талбайд дуугарч байгаад, ажил аваад дуугүй болдог хүн биш ээ. Ажил, албан тушаалтай зууралдаад байхгүй, цаг нь болохоор өгчихөж чадна. Зарим хүмүүс бодож байгаа байх. Ажил аваад амаа таглууллаа гэж. Тийм юм байхгүй. Шинэчлэл, өөрчлөлтийн төлөө цаашдаа ч тууштай явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Би өөрийгөө эх орондоо хайртай, шударга ёсонд итгэдэг, хийж бүтээе гэсэн эрмэлзэлтэй, ухвар мөчид аргаар бус өөрийн хүч хөдөлмөр, мэдлэг боловсролоороо өөрийгөө харуулах ёстой гэдэгт итгэдэг олон мянган залуучуудын зөвхөн нэг төлөөлөл гэж боддог.

– Эдийн засгийн хүндрэлтэй үед ШӨХТГ-т очиж байна. Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжиж бүсээ чангалах  чиглэл өгч байгаа. Үүнийг та хэрхэн хүлээн авч байна вэ?

– Улсын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэхтэй холбоотой УИХ, Засгийн газрын шийдвэрүүд өмнөх Засгийн газрын алдаатай бодлого, үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Үүнийг зориуд онцлох ёстой. Миний хувьд 2 жил орчмын өмнөөс л нөхдийнхөө хамтаар Засгийн газрын бодлого шийдвэрүүд алдаатай яваад байгааг, эдийн засгийн аюулгүй байдал, цаашлаад үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөл байдал үүсэхээр байгааг сануулж, үүнийг таслан зогсоохын төлөө ажилласан. Үнэхээр алдаагаа засах нь бүү хэл огт хүлээн зөвшөөрөхгүй болохоор нь Засгийн газартай хариуцлага тооцох тэмцлийг өрнүүлж олны хүч, дэмжлэгтэйгээр үр дүнд хүрсэн. Алдаатай олон бодлогын зэрэгцээ Чингис бондын 1,5 тэрбум ам.доллар, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4 орчим их наяд төгрөг, Хөгжлийн банкны 580 орчим сая ам.доллар зэрэг эх үүсвэрийн буруу менежмент өнөөдрийн хүндрэлтэй байдлыг шууд бий болгосон.

– Танайх харьцангуй орон тоо цөөтэй иргэдийн эрх ашгийг хөндсөн өргөн хүрээтэй асуудлуудтай нүүр тулдаг газар гэж ойлгож байгаа зөв үү?

– Тэгж ойлгож болно. Олгогдож байгаа төсөв мөнгийг чамлалгүй, хүн хүчний бэрхшээлдээ түүртэлгүйгээр их ажлыг хийж хэрэгжүүлэх боломжтой. Хийе гэсэн сэтгэл байвал боломжууд өөрөө ургаад л гарч ирдэг.

– Ярилцсанд баярлалаа

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж:  PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …