2015 оны 01 сарын 23-ны өдөр Монголчууд авьяаслаг нэгэн хүүгээ алдлаа. Монголын хошин урлагт аль хэдийн өөрийн өнгө төрх байр суурийг эзэлсэн нэгэн залуу жүжигчин Т.Билгүүн нэг л өдөр чив чимээгүйхэн бурхны оронд оджээ гэдэг мэдээ Монголчуудыг харамсал дунд үлдээсэн. 30-хан настай залуу жүжигчин Шинэ үе продакшнаар овоглон уран бүтээлээ хийж, үзэгч түмнээ баясган цэнгүүлсээр ирсэн билээ.
Шинэ үе продакшны албан ёсны мэдэгдэлд “2015 оны 01 сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшиний жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдаж суужээ. Арын машинд сууж явсан жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан байна. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарчээ. Уг ослын улмаас манай жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжин гэмтсэн Р. Алтансүх гэмтэл аваагүй болно. Бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Бид маш их харамсаж байна.” хэмээжээ.
Урлагт хайртай олон түмэн нь хайртай залуу жүжигчинээ “дэндүү эрт хорвоог орхилоо” хэмээн гашуудаж, өнөөдөр хүртэл итгэж чадахгүй байна.
Тэгвэл цахим сүлжээнд хүний зовлонгоор тохуурхсан зарим нэгэн эл явдлыг ашиглаад хурдан хугацаанд олон тооны лайк, дагагч цуглуулах зорилгоор янз бүрийн нэртэй аккаунт, хаяг нээгээд амжжээ.
Тэр бүгдэд ороод үзвэл жүжигчний хамгийн сүүлд авахуулсан зураг, хамгийн сүүлд бичсэн сэтгэгдэл зэрэг хэдэн зураг, пост нийтэлжээ.
Монголчууд угийн сүжигч ард түмэн. Тэдгээр “лайкны гуйлгачин” болсон пэйжид төрөл бүрийн сэтгэгдэл байх. “Хошин урлагын түүхийг бүтээлцэж яваа “Шинэ үе” продакшнаас жүжигчин Ундармаа өрх тусгаарласан, дараахан Ц.Алдармаа, Оюунтуул нарын маргаан даамжирсаар хууль шүүхдээ тулж нэг нь хорих ял авсан бол нөгөө нь насаараа арилашгүй биеийн ч сэтгэлийн ч толботой үлдсэн. Тэгвэл энэ удаа осолдож, нэг авьяаслаг залуугаа үүрд алдлаа” хэмээсэн бол нөгөө хэсэг нь “Буруу эргэлт гэдэг кино биеллээ оллоо” гэх зэргээр өөр өөрийн өнцөг байр сууринаас гашуудлаа илэрхийлжээ.
Гэхдээ тухайн хүний ард хамгийн ойр дотны аав ээж, гэр бүлийнхэн дэндүү ихээр гашуудаж, харамсаж суудаг учраас цахим сүлжээнд иймэрхүү хүний нэр төр барьсан “лайкны гуйлгачид”, төрөл бүрийн комментуудад хориг, цензур тогтоох хэрэгтэй мэт.
Юутай ч уншигчдынхаа нэрийн өмнөөс Монголын ард түмний хайртай хүү, авьяаслаг жүжигчнийхээ гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Г.Эрдэм