Хэн ялах бэ

3 l. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаа хоногийн дараа болох гэж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа дөрөв хоногийн дараа дуусгавар болох бөгөөд нэр дэвшигчидийн сурталчилгаа өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудын сурталчилгаатай харьцуулахад харьцангуй хар PR багатай, аядуу тайван болж буйг улс төр ажиглагчид онцолж буй юм.

 Сонгуулийн санал хураалтаас өмнө нэр дэвшигчидийн хэн нь ялах бэ гэсэн таамагийг дэвшүүлцгээх болов. Энэ талын судалгаа, шинжилгээ явуулдаг мэргэжлийн байгуулага ч үр дүнгийг нь танилцууллаа.

Улсдаа л номер нэг гэгддэг “Сант Марал” судалгааны төв Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар судалгаагаа олон нийтэд танилцуулав. Нийт 1480 сонгогчоос хэнд нь саналаа өгөх бэ гэсэн санал асуулгаар 54 хувь нь АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг, 37 хувь нь МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг, 9 хувь нь МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг сонгоно гэж санал асуулгад оролцогчид хариулжээ. Тус судалгааны нарийвчилсан дүнг харах юм бол ахмадууд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг илүүтэй сонгох бол залуучуудын дийлэнх олонх нь АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг сонгохоо илэрхийлжээ. Гэхдээ 60-аас дээш насныхан л Б.Бат-Эрдэнэд илүүтэй дэмжлэг хүлээлгэнэ гэжээ. 60-аас дээш насны сонгуулийн насныхан хэд билээ. Залуучууд ихэнх нь.Сонгуулийн санал асуулгын үр дүн Ц.Элбэгдоржид 50-иас илүү хувь нь саналаа өгөхөө илэрхийлсэн байх юм.

Дээрх судалгааны үр дүнг иш татаж буйн учир нь судалгааны алдаа нь 5 хувь дотор байдаг ажээ. Алдлаа гэхэд дээд тал нь таван хувь байдаг гэнэ. Энэ чиглэлийн судлаачид батлаж буй баримт юм шүү. “Сант Марал”-ын судалгаа ч илүү найдвартай гэдэг утгаараа сонгуулийн үр дүнг бараг л хэлчих вүү гэх хүн ч байна. Гэхдээ ямар үзмэр ч биш яг хэлнэ гэж юу байх уу, ойролцоо дүн хэлсэн байж болох юм.

Сонгуулийн үр дүнд нөлөөлөх хүчин зүйлүүд бас байна. Залуус сонгуульд идэвхгүй оролцвол Ц.Элбэгдоржид муугаар нөлөөлөх ч юм уу. Учир нь судалгаанаас үзэхэд залуусын дийлэнх олонх одоогийн ерөнхийлөгчөө дэмжиж буй дүн мэдээ байна. Харин эсрэгээрээ Б.Бат-Эрдэнэд ашигтай байхаар прогноз байгаа юм. Тиймээс ч залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг чармайлт гарган АН-ынхан уриалж байна.

Н.Удвалын хувьд ялалтын тухай ярихад тун бүрхэг байгаа юм. Намынханаас нь мэдэгдэж буйгаар түүний ретинг 27 хувьтай байна, тогтмол өсч байна гэсэн мэдээллийг танилцуулсан. Өөрсдөөс нь өгсөн мэдээллээр л Н.Удвал 27 хувь, за дээшлээд 30 хувийн санал авлаа гэхэд ялалтанд хүрэх боломжгүй. Цаана нь үлдэж байгаа 70 хувийн санлыг яах уу, Ц.Элбэгдорж, Б.Бат-эрдэнэ хоёр хувааж авч таараа. Хэн олон санал авсан нь ялагч болно гэсэн үг. Гэхдээ Н.Удвал 30 хувийн санал авна гэхэд бэрх байх шүү. Аягүй бол дээрх судалгаагаар гаргасан 9 хувийн саналтай ойртож очих байх. Н.Удвалын санал 10 гаруйхан хувьтай л байх болов уу. Намынх нь ретинг тогтмол 17-18 хувьтай байгаа гэж байгаа юм. Энэ бол УИХ-ын сонгуулийн үеийн ретинг. Одоо түүнээс хойш ретинг нь дандаа урвуугаа явж байгаа гэж нэг “их мэдэгч” хэлнэ лээ. Үнэн байх.

2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн намын нэр дэвшигч өрсөлдөж байжээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр, Ардчилсан намаас М.Энхсайхан, “Эх орон-Ардчилал эвсэл”-ээс Б.Эрдэнэбат, Бүгд найрамдах намаас Б.Жаргалсайхан нар сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн юм. Сонгуулийн нэгдсэн дүнгээр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр санал өгсөн нийт сонгогчийн 53.44 хувь, Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан 20.05, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан 13.83, Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат 11.33, хувийн санал авч байжээ.

Н.Энхбаяр 50 гаруй хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж байсанаас үзэхэд энэ удаагийн сонгууль ч тийм үр дүнтэй байх магадлал байна. М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат гээд өөр өөрийн өвөрмөц имижтэй лидерүүдээс Н.Энхбаяр 50 гаруй хувийн санал авна гэдэг том амжилт. Харин энэ удаагийн сонгуульд Ц.Элбэгдорж энэ амжилтыг давтахыг үгүйсгэмгүй юм. 2005 оны сонгуультай харьцуулахад гурван нэр дэвшигчтэй, энэ утгаараа 50-иас дээш хувь авах боломж өндөр. Н.Удвал Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбатын авсан саналтай ойр 10 гаруй хувийн санал авах байх. Харин Б.Бат-Эрдэнэ 2005 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч М.Энхсайхантай харьцуулахад санал дөхөж очих болов уу. М.Энхсайхан 20 хувийн санал авч байсан. МАН-ын ретинг тун муу байгаа шүү ер нь. Тэгээд ч Б.Бат-Эрдэнэ 2005 оны АН-ын дарга, нэр дэвшигч М.Энхсайхантай дүйх улс төрийн туршлагатай, нэр дэвшигч мөн үү, үгүй юу. Олон нийтийн дэмжлэг тийм өндөр авч чадах уу гэдэг эргэлцээтэй. Яахав Б.Бат-Эрдэнэ 30 гаруй хувийг л  авлаа гэхэд цаана нь Ц.Элбэгдоржид 50 гаруй хувийн санал үлдэж байна. Ерөөсөө нөгөө л судалгааны дүн. Санал асуулга хийгээд бусад хүчин зүйлээс гаргасан сонгуулийн үр дүнгийн талаарх таамаг ийм байна. Сонгуулийн ялагч 27 гэхэд тодорно биз ээ.

Т.Амартүвшин

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …