Гоо сайхны салшгүй нэг хэсэг болсон эрүүл, цагаан шүдний эргэн тойрон дахь сонин хачинаас энэ өдөр та бүхэнтэй хуваалцаж байна. Ингээд хүн бүрт гэрлээр гийгүүлсэн инээмсэглэл хийгээд өөртөө итгэх итгэлийг бэлэглэх эрүүл, цагаан шүдтэй байх “энгийн” аргуудаас толилуулах мэдээллийг хүлээн авна уу.
1. Гүзээлзгэнэ / Хар шоколад
Цагаан шүдний хамгийн амттай хүнс бол гүзээлзгэнэ юм. Гүзээлзгэнэ нь шүдийг цэвэрлэх, өнгөлөг болгох чадалтай бөгөөд хүнсэндээ тогтмол хэрэглэхийн сацуу гүзээлгэнээр шүдээ үрэх нь гайхалтай үр дүнг өгдөг ажээ. Түүнчлэн буйлыг бэхжүүлж өгөх үйлчилгээтэй гэнэ. Үүнээс гадна хар шоколадыг гүзээлзгэний хамт хэрэглэх нь нянгийн эсрэг цэвэрлэх үйлчилгээтэй байх ба хар шоколадыг дангаар нь шүдэндээ түрхэж “маск” хэлбэрээр хэрэглэх нь шүдний өнгөрийг цэвэрлэж өгдөг аж.
2. Лууван / Брокколи
Лууван нь нүдний хараанд сайнаар нөлөөлдөг гэдгийг та бид мэддэг хэдий ч шүдний өнгөрийг сэргээх болон амны хөндийг цэвэрлэх үйлчилгээтэй гэдгийг сайн мэддэггүй гэнэ. Эдгээр хүнсний ногоонд агуулагддаг А амин дэмүүд нь шүдний паалангийн бүтцэд чухал нөлөө үзүүлдэг ба түүхийгээр нь шүдээ үрж ч болох юм байна.
3. Сүү, сүүн бүтээгдэхүүн
Сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж занших нь амны хөндийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ба буйлыг элдэв эмгэгт өртөхөөс сэргийлж, шүдний пааланг хамгаалахын сацуу бэхжүүлэх шидтэй байдаг гэнэ. Хэрэв та бяслаг хэрэглэхээр сонгосон бол зөөлөн гэхээсээ илүү хатуу бяслагийг сонгон хэрэглэх нь амны хөндийг цэвэрлэж, цагааруулах үйлчилгээ нь илүү байдаг юм байна. Түүнчлэн B12 болон кальциар нэн баялаг бяслаг нь шүдийг хорхойтохоос сэргийлж, шүдний пааланг гэмтээдэг хүчлийн үйлчилгээг саармагжуулдаг гэнэ.
4. Нимбэг ба Давс / Сода
Нимбэг нь амны хөндийн эрүүл ахуйд онцгой чухал үүрэгтэй жимс юм. Нимбэгний шүүсийг дангаар нь ам зайлагчийн зориулалтаар хэрэглэж болох бол хальсаар нь шүдээ үрвэл цайрдаг гэдэг. Цайны халбага нимбэгний шүүсийг чимх давс болон бага зэргийн хүнсний содатой хольж шүдээ үрэх нь цайруулах шилдэг эм болдог байна. Хүчил ихтэй учраас байнга хэрэглэх нь зохисгүй тул долоо хоногт 1 удаа хэрэглэх хуваарийг мөрдөх нь зүйтэй. Эдгээр нь амны эвгүй үнэрийг дарах давхар үйлчилгээтэй юм.
5. Амьдралын хэв маягаа өөрчил!
Та бидний шүдийг эрүүл, цагаан байхад нөлөөлөх онцлох зүйлсийн нэг бол эрүүл амьдралын хэв маяг юм. Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийхийн зэрэгцээ хоол, хүнсний хэрэглээгээ зохицуулж, стресснээс ангид байх нь шүднийг өнгөө алдахаас сэргийлэх энгийн алхмуудын нэг гэнэ. Түүнчлэн антибиотикийн зохисгүй хэрэглээгээ хязгаарлаж аль болох эм хэрэглэхгүйг хичээх нь амны хөндий тэр дундаа шүдний эрүүл ахуйд сайн юм байна.
6. Хорт зуршлуудаасаа сал!
Архи, тамхины төрлийн хорт зуршлуудаа таягдан гээх нь амны хөндийн шархлаа, хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэс болж өгдөг байна. Хийжүүлсэн ундааг бол бүр ч ярилтгүй. Хэрэглэхээр бол зөв, тохируулж хүртэхийн сацуу соруул хэрэглэж байхыг зөвлөдөг. Мөн ам зайлах шингэнийг хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй ба судалгаагаар энэ нь амны хөндийн эрүүл ахуйд сөргөөр буюу хавдар үүсгэх эрсдэлтэй нь тогтоогджээ.
7. Нүүрс / Оливын тос
Модны нүүрсийг эртнээс шүд цэвэрлэх болон цайруулах зориулалтаар хэрэглэсээр ирсэн билээ. Нүүрс нь шүдний өнгөрийг гайхалтай цэвэрлэж цайруулах ба арцаар угаах нь амны хөндийн эвгүй үнэрийг дардаг байна. Харин оливийн тосны хувьд гэвэл 3 – 5 минут амаа оливын тосоор зайлсны дараа цэвэр усаар шүдээ дахин зайлж цэвэрлэх нь амны хөндийд хуршсан бохирдлыг цэвэрлэх сонгодог аргуудын нэг гэнэ.
8. Соруул / Шүдний сойз
Аливаа шингэн зүйлийг уухдаа аль болох “соруул” хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Энэ нь шүдэнд өнгөр тогтохоос найдвартай хамгаалагч болдог байна. Нөгөөтэйгүүр хоёр сар тутамд шүдний сойзоо солих буюу шинийг худалдан авч хэрэглэж заншаарай. Мөн шүдний сойзоо 00-ын суултуураас 1.8 метрээс багагүй зайд тавих хэрэгтэйг мартуузай.
9. Ус / Цай
Өдөрт 8 шилэн аяга ус уух нь та бидний нэг өдрийн хэрэгцээт шингэнийг нөхдөг гэлцдэг. Үүгээр ч үл барам таны цаг тутам уусан “ус” нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжихээс гадна жинг барьж, арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй ба шүдийг сувдан цагаан байлгахад ч бас оролцдог байна. Харин цайны тухайд өдөрт нэг аяга байгалийн гаралтай цэвэр цай уухад шүдэнд хэрэгтэй фторыг нөхөөд зогсохгүй амны хөндийд хөнөөлтэй нян бактерийг устгаж өгдөг гэнэ.
10. Амжилт хүсье!
Ингээд энэ бүхний эцэст эрүүл цагаан шүдтэй байх хамгийн энгийн арга бол юм идэх болон уусныхаа дараа шүдээ угааж цэвэрлэдэг байх болон уншиж сонирхсон энэхүү аргачлалуудаасаа тогтмол хэрэгжүүлэх явдал билээ. Бидний 90% нь эдгээр зүйлийг мэддэг ч хэрэгжүүлдэггүй нь харамсалтай. Ямартаа ч аливаа зүйлд уйгагүй оролдлого, хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл байж гэмээнэ амжилт, үр дүн гардаг тул тунг нь тохируулаад шантралгүй хичээгээд байгаарай!
Эх сурвалж: www.bunny.mn