Домогт Тайхо аваргын амжилтыг эвдэж, түмэн олныг шуугиулсан өдрийнхөө маргааш нь хэвлэлийн бага хурал дээр ояката нарыг шүүмжилсэн их аварга Хакүхо эдүгээ Япон орны хэвлэл мэдээллийн бай болон хувираад байна. Нэгдүгээр сарын тэмцээн дууссаны маргааш нь буюу нэгдүгээр сарын 26-нд уламжлал ёсоор түрүүлсэн бөхөөс ярилцлага авахаар сэтгүүлчид Миягино дэвжээнд цуглажээ. Түүхэн амжилт тогтоосон баяраа өргөн тэмдэглэсэн аварга ч баяртай нь аргагүй ярилцлага өгч суугаад “Сэтгэл гонсойлгосон ганцхан зүйл байна. Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаад ялчихаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэн дахин барилдуулах шийдвэр гаргасан. Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав? Дүрс бичлэгээр нягталсан мөртлөө ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгч нар бүгд л урьд нь барилдаж явсан улсууд байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай. Үзэгчид дахин барилдуулья гэж хашгирсан ч үнэн зөв шүүх хэрэгтэй. Арьсны өнгө үүнд хамаагүй, магэ үсээ янзлаад дохён дээр гарсан л бол бүгд ижилхэн япон гэсэн үг. Бүгд ижилхэн л хүн” гэж засуулуудыг шүүмжилсэн билээ.
Монголын анхны ёкозүна Асашёорюү энэ талаар твиттертээ “Хакүхог яасан гэж ингэж байгаа юм бэ? Сүмогийн шүүгч нар алдаатай шүүх үе гардаг. Намайг барилдаж байхад ч олон алддаг байлаа. Хакүхо Монголдоо буцаж ирээсэй гэж би бодож байна. Дэмий жижиг зүйлээр элдвээр хэлүүлж байх хэрэггүй. Дэлхий ертөнц уудам шүү дээ. Японы хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхэд Хакүхог өөлж, ад үзэхээ зогсоо” гэж Хакүхог эх орондоо ир хэмээн уриалсан байна.
Эх сурвалж: time.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл